- ҮЗЭЛ БОДОЛ -
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан авлига, албан тушаалын хэрэгт оролцсон МАН-ын гишүүдтэй хариуцлага тооцно хэмээн мэдэгдэл хийсэн. Энэхүү мэдэгдлээ Хөгжлийн банкнаас зээл авч, найдваргүй зээлдэгчдийн тоонд орсон асуудлыг хэлэлцэх үеэр хийсэн юм.
Түүнийг ийнхүү мэдэгдэл хийснээс хэдхэн хоногийн дараа МАН-ын Хяналтын хороо хуралдлаа. Нийгэм даяараа Хөгжлийн банкны найдваргүй зээлийн хэрэгтэй холбогдох МАН-ын гишүүдэд ямар хариуцлага тооцсон бол хэмээн хүлээлээ. Хяналтын хорооны дарга Б.Баярбаатарын өгсөн хурлын үр дүнгийн талаарх мэдээллийг сонсов.
Энэ мэдээллээс харвал Хөгжлийн банктай хамаатай асуудалд хариуцлага тооцсон гэх дорвитой шийдвэр байсангүй.
Гагцхүү “33 тэрбум төгрөгийн зээл”-тэй холбоотой гурван гишүүнд л “асуулга” тавьсан нь дурьдах төдий өнгөрөв.
Харин таван хүнийг МАН-аас хасах шийдвэрийг гаргасан гэх мэдэгдэл нь хамаагүй барьцтай бөгөөд “баавартай” сонсогдоно. Үүнд:
1. Г.Солтан
2. Б.Ундармаа
3. Д.Дамба-Очир
4. Б.Батзориг
5. Д.Хаянхярваа нар оржээ.
НАМААС ХӨӨСӨН 5 ГИШҮҮД ХЭН БЭ?
Тэд бол М.Энхболдын фракцынхан. М.Энхболдын фракц гэдгийг яаж мэдэх юм бэ гэж үү. Дараах дөрвөн шинжээр тодорхойлж болох юм.
Нэгдүгээрт, М.Энхболдыг огцруулах бүрт хэн, ямар хариу үйлдэл үзүүлж, юу гэсэн үг хэлж, аль талд кноп дарж байснаар нь тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, дээрх хүмүүс нь М.Энхболдын МАН дахь хаанчлалыг унагахаад эцсээ хүртэл хамгаалагсад.
Хоёрдугаарт, ашиг сонирхол бүхий төрийн бус байгууллагуудаар нь тодорхойлж болно. Тухайлбал, Морин спорт уяачдын холбоо ч юм уу.
Гуравдугаарт, хэний үед өндөр албан тушаал хашиж байсан бэ гэдгээр нь мэдэж болно. Тэд дуртай тойргоо авч, хүссэн албан тушаалдаа очдог байв.
Тэгээд садан төрөл, найз нөхдийн холбоо нь улстөрчдийг нэг фракцад нэгтгэдэг.
Энэ дөрвөн шалгуураар харвал дээрх таван хүнийг МАН-аас хөөж буй нь, тус нам доторх М.Энхболдын “аварга” фракцыг дарах хоёр дахь ажиллагаа гэдэг нь харагдана. Эхний ажиллагаа нь “60 тэрбумтай тэмцэнэ” гэх үйл ажиллагаа байсныг хэн хүнгүй санаж буй биз ээ.
Үүний хажуугаар дуугүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Тэр бол М.Энхболдын фракцыг намнах энэ үйл ажиллагаан дор МАН-ын нөлөө бүхий залуучууд ирээдүйн өрсөлдөгчдөө ч “даран авч” байгааг дурьдахгүй өнгөрч боломгүй.
Давхар дээл нөмөрч, өөрсдийгөө сайдын түвшинд төсөөлж байсан залуусыг ч “байранд нь тавьлаа”.
НАМААС ХӨӨДӨГ СОЦ ШИЙТГЭЛ ОДОО ТИЙМ ХАМААТАЙ ГЭЖ ҮҮ?
Хамаатай, хамгийн их хамаатай.
Намтай байснаараа бизнестэй, бизнес нь амжилттай.
Нам бол улстөр рүү орох шат. Улстөрд шургалж чадвал эрх мэдэлд хүрэх замаа товчилж буй хэрэг.
Өнөөдөр Монгол Улсад ямар ч улстөрийн намгүйгээр хэн эрх мэдэлтэй байна вэ?
Монголын улстөрийн системийн онцлог, “ач буянаар” намтай хүмүүс л эрх мэдэл, эд баялагт хүрч байна шүү дээ. Тиймээс эрх баригч намын “намаас хөөх” шийтгэл нь одоохондоо “Хамгийн аймаар шийтгэл” юм.