“Таны хүүхэд харьяаллын дагуу сургуульдаа сурдаг уу?”
Бид дээрх асуултыг хотын төвийн сургуульд хүүхдээ хүргэж өгч байгаа эцэг эхчүүдээс асуулаа. Асуултад хариулсан эцэг эхчүүдийн тал хувь нь харьяаллын дагуух сургуульдаа сургаж байгаа гэх хариултыг өглөө. Харин зарим эцэг эхчүүдээс овог, нэр гэх мэт мэдээллийг нь оруулахгүйгээр тохиролцон дараах хариултыг авсан юм. Эцэг эхчүүд:
- “Манайх харьяаллын дагуу бол Сонгинохайрхан дүүрэг буюу хотын захад байдаг сургуульд харьяалагдана. Тэнд хүүхдээ сургаж үзсэн. Хичээл заах арга барил тааруу, эргэн тойрны орчин нь ч тухтай санагдаагүй.” /6 дугаар сургууль/
- “Ажлын газартай ойрхон байдаг учраас харьяаллын бус сургуульд сургаж байна.” /45 дугаар сургууль/
- “Сурах орчин, багшийн заах арга барил зэргээс нь шалтгаалж түгжрээд ч хамаагүй хотын төвийн сургуульд сургаж байна аа.” /24 дүгээр сургууль/
- Энэ сургууль нь гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, багш нарын заах арга барил нь ч сайн гэгддэг учраас хүүхдээ энд сургасан. /23 дугаар сургууль/
-Манай хүүхэд харъяаллаараа бол Дарь-Эхийн 92-р дунд сургууль суралцах ёстой. Яг гэр хороолол дунд байдаг сургууль. Гэхдээ би хүүхдээ тийш нь явуулахгүй. Тийм болохоор хүүхдээ 48-р сургуульд суралцуулдаг.
Дөрвөн хотын төвийн сургуулийн бага ангийн сурагчдын эцэг эх дараах хариултыг өглөө. Бид 6 дугаар сургуулийн дунд ангийн сурагчийн ээжээс дараах асуултыг тодруулсан юм.
-Яагаад хүүхдээ харьяаллынх нь дагуу сургуульд сургаагүй вэ?
-Бага ангид байхад нь харьяаллынх нь дагуу буюу СХД-ийн сургуульд сургаж үзсэн. Хичээлийн хөтөлбөр, заах арга барил нь таалагдаагүй. Одоогийн сургууль нь өөр байгаа нь илт мэдэгддэг.
-ЕБС-ууд бүгд нэг хөтөлбөрийн дагуу хичээлээ заадаг шүү дээ. СХД-ийн сургуулийн талаар тодруулбал?
-Би ч өөрөө СХД-ийн сургуулиас боловсрол эзэмшсэн хүн. Одоо бол тэр сургуулиас хавь илүү орчинтой, илүү хөтөлбөртэй, хүүхдэд нэг бүрчлэн анхаардаг сургууль олширч байна. Бид хүүхдийнхээ чанартай боловсролын төлөө л явна. Тиймээс л ийм шийдвэр гаргасан даа.
Эцэг, эхчүүд дээрх хариултыг өглөө. Дийлэнх нь хүүхдээ харьяаллын бус сургууль руу буюу хотын төвийн сургуульд холоос зөөж сургаж байгаа шалтгаанаа “сургалтын чанар сайн, багш нарын арга зүй өөр байдаг” гэх байдлаар хариулсан юм. Тэгвэл нэг бодлого, төлөвлөлт дор явагддаг ерөнхий боловсролын сургуулийн сургах арга барил, сургалтын чанар өөр байх боломжтой эсэх, харъяаллын бус сургууль руу шилжүүлж байгаа шалтгааныг бодитоор тодруулах судалгаа хийсэн үү зэрэг олон асуултын хариултыг Боловсролын ерөнхий агентлагаас тодрууллаа.
Дээрх агентлагт сургуулийн харьяаллын талаар мэдээлэл байхгүй, Нийслэлийн боловсролын газраас тодруулах боломжтой талаар хэлсэн юм. Ингээд, тус газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуултай холбогдоход энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Олон километрийн цаанаас сургуулийн чанартай сургалт, ая тухтай орчин зэргийг зорих хүүхдийн цуваа өглөөний 06:30 цагаас эхэлнэ.
Гэвч холоос хүүхдүүдээ зөөн сургаж байгаа хотын төвийн сургуулиудын хувьд сургалтын чанар үнэхээр өөр гэж үү? Уг чанартаа БШУЯ-наас гаргасан судалгааг харвал СБД-ийн Улсын тэргүүний Нэгдүгээр дунд сургуульд /хотын төвийн/ нэг компьютерийг 38 хүүхэд ашигладаг бол БЗД-ийн 88 дугаар сургуульд /хотын төвөөс зайдуу/ нэг компьютерийг 13 хүүхэд хэрэглэдэг байна.
Хотоос зайдуу сургуульд анхаарал хандуулж, хяналт тавих шаардлагатай мэт. Тэндхийнхээ сургуулийн орчин, сургах чанарыг сайжруулсан цагт харьяа, харьяаллынхаа сургуульд сурч түгжрэл буурах бус уу?