Манай редакцид нэгэн уншигч маань өөрийн нийтлэлийг нийтлэж өгөхийг хүссэний дагуу Аюулгүй байдал судлалын магистр, Химийн шинжилгээ ба орчны хяналт, шинжээч Г.Буянтогтохын бичсэнийг та бүгдэдээ хүргэж байна.
Төр засаг, түмэн олондоо уламжлах нь:
Бид бүхний амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр нийтдээ л утаа униар, түүнээс улбаатай ханиад томуутай дүнсгэрхэн өвлийг үдэж, урин хавартай золгох гэж байна. Утаа бол маргах аргагүй үнэн.
Хүйтний улиралд үүсээд байгаа хорт хий, утаанаас хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч, оршин суугчид бухимдаж, иргэд эрүүл мэнд, эдийн засгаар хохирч хэдэн арван жилийн нүүрийг үзлээ.
Төр засаг тухайн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч төдийлэн үр дүнд хүрсэнгүй. Хүрнэ гэхэд ч төвөгтэй асуудал, олон олон сорилтууд байна.
Эрс тэс уур амьсгалтай Монгол улсад, тэр тусам хүйтэн, хуурай сэрүүний улиралд Улаанбаатар хотод маань утаа униар бий болох, бүрэлдэх олон хүчин зүйлүүд байгаа.
Тухайлбал:
- Далайн түвшнээс дээш хамгийн өндөр оргил нь 2268 метр хүртэл өндөрт өргөгдсөн дөрвөн уул, салбар уулуудаар хүрээлэгдсэн газар зүйн тогтоц, түүнээс шалтгаалан агаарын босоо урсгал (инверс, изотерм, конвекц)-ын шилжих хөдөлгөөн хязгаарлагдсан мөн хүйтэн сэрүүний улирлын шөнө, өдрийн агаарын даралт-температурын өөрчлөлт, хүн амын хэт их төвлөрөл буюу хотжилт, үйлдвэржилт,
- Нэг аравны таван сая оршин суугчдын бие организм, хэрэглээнээс хий, шингэн төлвөөр ялгарч байгаа (ихэвчлэн гэр хороололд) ялгадас-хаягдал болон төр хувийн хэвшил, айл өрхүүдийн том, жижиг зуух, ил галлагаанд ашиглагдаж байгаа хатуу түлш (уламжлалт аргал, хөрзөн, мод болон хоёр, гуравдагч хаягдал түүхий эд)-ээр галлаж байгаа хэдэн мянган яндангийн утаа тортог, химийн энергийг-механик энергид хувирган ашиглах үйл явцаас ялгарч байгаа хорт хий үүсгэгч хэдэн зуун машин механизмын хөдөлгүүр,
- Мөн мэргэжлийн холбогдох байгууллагуудаас бусад нь төдийлэн анзаардаггүй, тэр бүр ач холбогдол өгч ярьдаггүй нийслэл хот тойрсон том, жижиг хог хагдлын цэгүүд. Ихэвчлэн Улаанбаатар хот, оршин суугчдынхаа салхины зонхилох дээд хэсэгт байрлалтай ахуйн-үйлдвэрлэл-үйлчилгээний гэх мэт задгай хог хаягдлын цэг дээр эсэн бусын, төрөл бүрийн эд материал шатааж, мөн зөвшөөрөлгүй ил гал түлж (ажилгүйдэл-ядуурал) түүнээс ялгарч байгаа утаа, тортог, хүлэмжийн хий үүсгэгч угаар, утаа униар зэргээс бий болдог гээд агаар бохирдуулагч олон арван хүчин зүйлүүдийг цухас дурдаж болох юм.
Угтаа бол яндан бүрээс утаа гарч байгаа гагцхүү ялгарч байгаа утаа, угаарын хийн хоруу чанар л гэхээс утаагүй яндан, уугиж дөллөн асахгүй хатуу түлш гэж байхгүй. Энд зөвхөн “Утааны хоруу чанар”-ын асуудал яригдана.
Түүн дээр нэмэгдэж гэр хороолол дахь зорчих хэсгийн замаар хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс шороо тоос, тоосонцрын агууламж, хүлцэх хэмжээнээс хэтэрч (тодорхой зайнаас ажиглалт хийхэд гэр хороолол орчимд илүү их шороо, тоос холоос илт харагддаг) байгалийн тоос, утаа униар ихэсдэг ба энэ нь агаар бохирдуулагч хүчин зүйлд зүй бусаар хамаарна.
Угтаа бол сайжруулсан нүүрсний чанар байдал, хүртээмж, үйлдвэрлэлийн өртөг, зардлын талаар “Сошиал”-аар “Цэнхэр дэлгэц”-ийн суваг бүрээр сайн муу гэж мэдээлэхээс илүүтэй, сайжруулсан нүүрсний дээжийг Олон улсын итгэмжлэгдсэн хоёрын хоёр лабораторит өгч хариу үр дүнг цагаан дээр хараар, дүгнэлтээр баталгаажуулан олон нийтэд танилцуулж иргэдэд ойлгуулах нь оновчтой санагддаг юм.
Аливаа улс орны нийгэм, эдийн засгийн боломж, нөхцлөөс давсан асуудал, давагдашгүй хүчин зүйлс гэж байнаа байна. Бидний хувьд тэр нь яах аргагүй өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын утаа.
Тэгэхээр одоо ашиглагдаж байгаа сайжруулсан түлшний чанар байдал, утаагүй зуухны хэрэглээ, үйлдвэрлэлийн өртөг, зардлын талаар биш тэдгээрийг цогцоор нь өөрчлөх, боловсронгуй болгох шийдэл, гарцыг бид эрэлхийлэх л хэрэгтэй, тийм хэрэгцээ шаардлагыг дэлхий нийтээр шаардаж, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа улс орон нэжгээд байх боллоо.
Бид бүхний мөнхийн гэх хөрш их гүрнүүд болон бусад улс орны хөгжлийн чиг хандлага агаарын бохирдол, хүлэмжийн хийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх түвшинд хөндөх болсон. Бид ч даяаршилтай хөл нийлүүлэн мөр зэрэгцэн хөгжлийг ярьж, хэрэгжүүлж байгаа.
Харин түүний хүрээнд өнөөдрийн сайжруулсан түлш, утаагүй зуухнаас өөр шийдэл, гарцыг хайцгаая.
Гал унтраах байдлаар олон жил яригдсан, олон арга хэлбэрээр хэрэгжүүлж ирсэн сайжруулсан түлш, утаагүй зуухны асуудлыг өнөөдрийн Засгийн газар урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа -2050” төсөл хөтөлбөрийнхөө хүрээнд нэн даруй хамгийн оновчтой шийдлийг олж, зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.
Та бүгдэд амжилт хүсэе.
Нийслэл хот маань 4.7 мянган м2 буюу Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьтай тэнцэх өчүүхэн газар нутагт сүндэрлэн босож, хөгжиж ирлээ. Гэхдээ аливаа зүйлд хэм хэмжээ, даац гэж байна, тэгвэл нийслэл хотын хүн амын хэт их төвлөрөл, барилгажилт, хөл хөдөлгөөн мөн газрын хэвлий, агаар, усны нөөц, хэрэгцээ дааж давшгүй хэмжээнд хүрэх боллоо гэхэд хилсдэхгүй бизээ.
Тэдгээрийн тод илэрхийлэл жил бүрийн хүйтэн сэрүүний улиралд тохиолддог томуу томуу төст өвчин, шинээр болон дахин сэргэж буй халдварт өвчин, өнөөдөр дэлхий нийтийг хамарсан хүний цар тахал “Совид-19”, “Омикрон” гэх мэт өвчин нийгмийг цочирдуулан эрсдэл, эмзэг байдлыг бий болгож, тэдгээрт нийслэлийн хүн ам илүү ихээр өртөх магадлал өндөр байгааг өнгөрсөн хугацаанд нотолж, харууллаа.
Цаашид ч хэлж ирдэггүй, хийсч ирэх болзошгүй аюул заналхийлэл нийслэл хотод тохиолдож, өртөх магадлал, учирч болох хохирол хор уршиг өндөр байгаа зарим нэгээс дурдая:
- Говь-Алтай аймгийн Алтай сумын төвөөс 46-хан км зайд 6 (зургаан магнитуд)-ын хүчтэй газар хөдлөлт 2022 оны нэгдүгээр сарын 17-ны 23:04 цагт болсон. Давтамж жил бүр өсөн нэмэгдэж байгаа.
- Улаанбаатар хотод 2008 оны 7 дугаар сарын 1-нд болсон жагсаал цуглаан, мөн хөрш зэргэлдээ Казахстан улсад 2022 оны 1 дүгээр сарын 5-нд болсон жагсаал цуглаан эцэст нь нийгмийн эмх замбараагүй байдал, зэвсэгт мөргөлдөөнд хүргэж байгаа нөхцөл байдал.
- Монгол Улсын хэмжээнд коронавирусийн дотоодын халдвар бүртгэгдсэн буюу 2020 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд иргэдийн эрүүл мэнд, амь насанд учирсан зэрэг хохирол, хор уршгийн аюул заналхийлэл босго даваад орж ирсэн тохиолдол ч байна.
Хаалга тогшиж байгаа аюул заналхийллийн эх сурвалж байхыг үгүйсгэх аргагүй. Бид урьдчилан тооцож, эрсдэлийг үнэлж, хариу арга хэмжээг сайтар төлөвлөх л ёстой.
Иймд 2020 онд шинээр байгуулагдсан Засгийн газрын дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон бусад төсөл, хөтөлбөрт томъёологдсон их хотын төвлөрлийг сааруулах, бүсчилсэн хөгжил буюу хотоос хөдөө рүү чиглэсэн хөгжил, түүнийг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэн зохион байгуулваас тулгамдаж буй утааны асуудлын орон зайг шийдвэрлэх “Оновчтой шийдэл, гарц”-уудын нэг байх болно гэдэгт иргэн миний хувьд санал нэг байна.
Монголын төр, түмэн олны минь заяа мөн ч их дээ.
Аюулгүй байдал судлалын магистр, Химийн шинжилгээ ба орчны хяналт, шинжээч Г. Буянтогтох