/2022.01.24/ 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр хохирсон иргэд, цагдаагийн ар гэрийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Үймээний үеэр хохирогч н.Сүхбаатар, "Долдугаар сарын 1-нд 5 залуу амь насаа алдаж, 700 гаруй хүн баривчлагдсан. Мөн 300 орчим залуу шоронд хоригдож, ял авсан.
Долдугаар сарын 1-ний үймээнээс болж хоригдсон 300 орчим ялтанг цагаатгаж өгөөч. Тэднийг цагаатгаагүй. Зүгээр л өршөөлөөр суллагдчихсан байгаа.
Өнөөдөр амьдрал өдрөөс өдөрт хүнд болж байна. Гэхдээ манайд Казахстанд болж байгаа шиг үймээн дахиж гарах юм бол бид жолоодлогогүй ард түмэн учир нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолно гэдэг шиг зүйл болох гээд байна. Тиймээс энэ зүйлээс урьдчилан сэргийлж долдугаар сарын 1-нд хохирсон хүмүүсийн зүгээс хэвлэлийн бага хурал хийж, төр засагт хандаж үгээ хэлж байна" гэв.
Цагдаагийн ар гэрийн төлөөлөл н.Пүрэвдорж, "Хүү минь цагдаа байсан. 2008 оны долдугаар сарын 1-нд ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаараа хохирсон. Тархиндаа хүнд гэмтэл авч эмчлүүлж чадахгүй явсаар 2011 оны наймдугаар сард нас барсан. Жагсаал цуглаан гэнэт болно гэж байдаггүй. Урьдчилсан зохион байгуулалттай болдог гэдгийг би биеэрээ мэдэрсэн. 2008 оны зургаадугаар сарын 27,28-наас эхлээд СХД-т Буянгийн Жаргалсайхан, О.Магнай, Батзандан нар ард түмнийг турхирч байсан. Ц.Элбэгдорж бол энэ жагсаалын гол хүн. Нуугаад байх юм байхгүй. Ард түмнийг жагсаал цуглаанд уриалчхаад сүүлдээ хаяад алга болсон. Гэтэл эдгээр хүмүүс өнөөдөр бүгд албан тушаал ахиж, баяжсан. Эцсийн эцэст ард түмэн л хохирч үлддэг юм шүү. Тиймээс залуучууд минь ямар нэг нэг зорилго нь тодорхойгүй жагсаал цуглаанд оролцохоос сэргийлээрэй" гэлээ.