/2022.01.18/: УИХ-ын чуулган үргэлжилж байна. БОАЖ-н сайдыг солих, шинээр томилох асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
- Сайд солих амархан. Сайд хийж чадах хүнээ л сонгох нь анхаарах асуудал юм. Иргэнээ нэгдүгээрт тавьдаг хүнийг сайд болгох хэрэгтэй, одоо юм л бол иргэний буруу болоод байна. Улсдаа хэрэгтэй юм хийж, утааг алга болгох гэж сайд болдог байх хэрэгтэй. Ёстой л сонин хүмүүс сайд болж байна.
Технологийн алдаа гаргаж байгаагаа засах хэрэгтэй. Хоосон Пи-Ар битгий хийгээд бай. ТҮЦ-ний эмэгтэй дээр очоод нүүрийг нь улайлгахад миний дургүй хүрсэн шүү. Түүнээс уучлал гуйх хэрэгтэй. Дарга нар солиорч өгч байна, сошиалаар ажил хийгээд байна. Амьдрал дундаа ор.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
- Ерөнхий сайд байсан хүн, огт энэ албыг хашиж байгаагүй юм шиг үг хэлж байгаа нь ёс зүйгүй байна. "Хүнд нөхцөлд байна" гээд улс төржөөд байвал төржөөд л байна. Үе үеийн Засгийн газар иргэдийнхээ төлөө явж байгаа. Өмнө нь нэг ч удаа өмнөх Ерөнхий сайдыг гоочилж байгаагүй. Боломжийн гэж бодсон хүмүүсийг сайд болгоод явж байна. Улс төржихдөө хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Өмнө нь утаа байсан, одоо шийдлээ ярих хэрэгтэй байна. Шат шатандаа асуудлаа шийдээд явах хэрэгтэй. Намайг өрөөндөө ажлаа хийхгүй суудаг хүн гэж бодох хэрэггүй. Ерөнхий сайдын хувьд асуудал руу гүн гүнзгий орж байгаа.