/2022.01.18/ УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БОАЖ-ын сайдыг томилох талаар танилцууллаа.
Тус яамны сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор болсон юм. Үүнтэй холбогдуулж гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, "Дор чинь байгаа хүмүүс их будилаантай юм байна лээ шүү. Тиймээс өөрөө явж үзэж, бодит мэдээлэл авч ажлынхаа гүнд орж ажиллаарай. "Нүүрс их түлш байгаа учир утаа их байна, шахмал түлш хямд байгаа учир иргэд их түлж байна" гэх мэт ард иргэдээ доромжилсон, өөрийнхөө ажлыг авч үлдэх гэсэн аргаа барсан хүмүүсийн тайлбарт итгэж болохгүй. Утаа үүнээс ч их байсан. Үүнээс хүйтэн байхад ч болж байсан шүү.
Түүнчлэн зөвхөн утаа ч биш хөрс, агаар, ундны усны бохирдол их байна. Хамгийн наад зах нь Туул гол дагуу буусан амралтын газар их байна. Усны ундарга болсон ойн сан бүхий газруудыг хамгаалах хэрэгтэй.
Мөн дархан цаазтай, байгалийн нөөцтэй газруудаа хамгаалах хэрэгтэй. Улс төрчид, ашиг сонирхолтой хүмүүсийн эрхшээлд орж нүүлгэнэ, татан буулгана, тусгай хамгаалалтаас гаргана. Алт баялгийг нь ухна гэж ярьж болохгүй шүү. Би таныг томилогдохоос өмнө хэллээ. Энэ бол хатуу ярих ёстой зарчим шүү. Тэгэхгүй бол сүүлд нь алтаар төлөөд ч нэмэргүй хохирол амсана. Өмнөх сайд ийм асуудал ярьж орж байсан" гэв.