/2022.01.18/: Олон улсын эрчим хүчний агентлагийн хамгийн сүүлийн үеийн төсөөллөөр дэлхийн хоёр дахь том эдийн засгийг дэмжих нүүрсний үүрэг буурсаар байна.
Ирэх гурван жилийн хугацаанд Хятадын нэмэлт цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 70 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүч хангахаар байна.
Төрийн татаасыг үе шаттайгаар бууруулж байгаа ч далайн эргийн дагуух салхин болон нарны цахилгаан станцын суурилуулалтын ажил үргэлжилж, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх нийт хүчин чадал 2020 онд 530 ГВт байсан бол 2024 он гэхэд 75 хувиар өсөж, 930 гигаватт хүрэх төлөвтэй байна.
Хятад Улсын нүүрсний хэрэглээ 2025 онд дээд цэгтээ хүрч харин нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2030 онд дээд цэгтээ хүрэхээр байгаа ба дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд сэргээгдэх эрчим хүчийг өргөжүүлэх нь Хятад Улсын нүүрсний голлох эрчим хүчний хангамжийг нүүрстөрөгчөөс ангижруулах нь стратегийн гол асуудал болж байгаа юм.
Парист төвтэй засгийн газар хоорондын байгууллага баасан гарагт нийтэлсэн “Цахилгаан эрчим хүчний зах зээлийн тайлан”-гийн сүүлийн дугаарт “2024 он гэхэд тус улсын цахилгаан эрчим хүчнийг хангахад нүүрсний эзлэх хувь 59 хувь хүртэл буурна гэж найдаж байна хэмээжээ.
“Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр 2022-2024 онд нийт хэрэгцээний 70 гаруй хувийг, харин нүүрсний хэрэгцээний 25 хувийг хангахаар байна.”
2021 онд Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн 64 хувийг нүүрс, 16 хувийг усан цахилгаан станц, 7 хувийг салхин цахилгаан станц, 5 хувийг цөмийн эрчим хүч эзэлж байна.
Тус улс зарим үр ашиг муутай станцуудаа хаасан ч дэлхийн цахилгааны нийт хүчин чадлын тал хувийг бүрдүүлдэг нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудынхаа өсөлтийг зогсоохын тулд хангалттай ажил хийгээгүй хэмээн цаг уурын болон байгаль орчны эсрэг тэмцэгчид шүүмжилдэг.
Сиднейд төвтэй уур амьсгал, эрчим хүчний судалгааны Эмбер төвийн Азийн цахилгаан эрчим хүчний бодлогын ахлах шинжээч Муйи Янг "Цахилгаан эрчим хүчний шилжилтийг амжилттай хийхийн тулд эхлээд цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд цэвэр цахилгаан эрчим хүчийг ашиглах эхлэх дараа нь нүүрс болон бусад чулуужсан түлшийг орлуулах шаардлагатай" гэв.
Хятадын өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад нүүрс болон бусад чулуужсан түлшний оруулсан хувь нэмэр энэ зууны эхний арван жилд 80 орчим хувь байсан бол 2010-2015 онд 52 хувь, 2015-2020 онд 46 хувь болж буурчээ.
“ОУЭА-аас 2021-24 он хүртэл эрчим хүчний хэрэгцээний 30 хувийг чулуужсан түлшээр хангана гэсэн тооцоолол хэвээр байгаа” гэж Муйи Янг хэлэв.
Эрчим хүчний сүлжээний тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд Бээжин 2021-2025 оны хооронд 30 ГВт-аас дээш хүчин чадалтай усан цахилгаан станцыг шинээр суурилуулах зорилт дэвшүүлсэн байна.
Усан цахилгаан станцын ус шахах хүчин чадал 2020 оны эцэст 31.5 ГВт байсан бол 2025 он гэхэд 62 ГВт, 2030 он гэхэд 120 ГВт болж өснө.
Үүний зэрэгцээ, ОУЭА-аас Хятадын эрчим хүчний эрэлтийн өсөлт энэ жилээс 2024 он хүртэл дунджаар 4.5 хувь болж удааширна гэж таамаглаж байгаа нь эдийн засгийн өсөлт удааширч байгаатай холбоотой гэж үзжээ.
Өнгөрсөн оны эрчим хүчний хэрэглээ 10.3 хувиар өссөн гэж Үндэсний эрчим хүчний газраас даваа гарагт мэдэгдэв.
Дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт ойрын гурван жилд дунджаар 2.7 хувиар өсөх бөгөөд эрэлтийн өсөлтийн 90 хувийг сэргээгдэх эрчим хүч хангана гэж ОУЭА-аас таамаглал дэвшүүлсэн байна.
Эх сурвалж: south china morning