/2022.01.14/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар цаг үеийн мэдээлэл хүргэж байна.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:
- Бид хилийн тандалт, тусгаарлах байранд тандах үйл ажиллагаагаа зогсоосон. Одоо илүүтэйгээр дотоодын халдвар, тэр дундаа эрсдэл бүхий хүн ам түүнчлэн голомтлон тохиолдож байгаа кластер халдвараа тархаахгүй барих чиглэлд анхааран ажиллаж байна.
Омикрон хувилбарын нууц хугацаа богиносож байна. Мөн халдварлуулах, халдвартай байх үе буурч байна. Өвдөх эрсдэлтэй бүлгийг шинээр тодорхойлж байгаа. Сэжигтэй тохиолдол, хавьтлын тодорхойлолт, хөл хорионд байх хугацаа, дахин халдвар авах тодорхойлолтыг шинэчилж байгаа юм.
Эмч н.Дашпагма:
- Улсын хэмжээнд 370 гаруй суурин цэгт дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Нэгдүгээр сарын 13-ны байдлаар нийт хүн амын 69.7 хувь нь нэгдүгээр тунд, 66.6 хувь нь хоёрдугаар тунд, 955 мянган иргэн гуравдугаар тунд хамрагдсан байна. Мөн сайн дураар хамрагдах боломжтой "дөрөвдүгээр тунд" 20 мянган иргэн хамрагджээ.
18-25 насны иргэдийн дархлаажуулалтад хамрагдалт бусад насны бүлэгтэй харьцуулахад тааруу байна.
ОМИКРОН ХУВИЛБАРЫН ЭМНЭЛЗҮЙН БАЙДАЛ:
Голчлон хамар битүүрэх, нус гоожих, халуурах, хоолой аргах, хоолой хөндүүрлэж өвдөх, хуурай ханиалгах, ханиалгалт нь хэд хоногоос цэртэй болох шинж тэмдэг илэрч байна. Энэ нь бусад өвчинтэй харьцуулахад томуу болон томуу төсч өвчний амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй ижил илэрч байна.
Дөрөв дэх давалгаа эхэлж байгаатай зэрэгцэн эмнэлэгт хэвтэж байгаа үйлчлүүлэгч дотор эмнэл зүйн байдал ямар байгааг тандах, өмнөх хувилбарын шинж тэмдгээс юугаараа өөр зэргийг тандаж байна. Дельтагийн хувьд хүчилтөрөгчийн хүнд хэлбэрийн дутагдалд орох буюу хоёр уушгины хатгалгаа байдлаар хүндрэх эрсдэлтэй байсан. Омикроны хувьд энэ эрсдэл нь 1.5-2 дахин бага тохиолдож байгаа нь таатай мэдээлэл юм.