/2022.01.12/ Аливаа нийгэмд халамжийн бодлого байх нь зүй ёсных. Гагцхүү халамж нь хавтгайрсан байна уу, зорилтот бүлэгтээ хүрч чадсан уу, үүрэг зорилгоо биелүүлсэн үү гэдэг чухал.
Манай улсын хувьд цахилгааны шөнийн хэрэглээг хөнгөлөх арга хэмжээг 2017 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн юм. Арван мянгаас дээш хүн амтай, сум, суурин газрууд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зорилтот бүлэгтээ хүрч чадсан уу?
2017-2020 онд нийт 47,6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгожээ
Гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд 2017-2020 онд нийт 47,6 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2017-2020 оны гүйцэтгэлд түүвэр судалгаа хийхэд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 31.5 мянга буюу 23 хувь нь цахилгаанаар халаалтаа шийдсэн, 105.6 мянга буюу 77 хувь нь цахилгаан халаагуургүй байжээ.
“Та цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдсанаар гэр, байшингийн дулааны асуудлаа цахилгааны эх үүсвэрээр шийдэж чадсан уу” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 69.2 хувь нь шийдэж чадаагүй гэж хариулсан бол, яагаад дулааны асуудлаа цахилгааны эх үүсвэрээр шийдэж чадаагүй шалтгааныг тодруулахад 41.8 хувь нь шаардлагагүй, 22.7 хувь нь ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛ ХҮРЭЛЦДЭГГҮЙ гэх хариултыг өгчээ.
ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ ХҮРЭХ ЁСТОЙ АЙЛ ӨРХӨД ОЧСОН УУ?
Судалгааны явцад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх 9 төвийн хэмжээнд хамгийн ӨНДӨР хэрэглээтэй айл өрхийн жагсаалтыг гаргажээ. Шалтгааныг тодруулж, газар дээр нь шалгахад 3-5 давхар амины орон сууц, хотхоны хэрэглэгчид тогтоогджээ. Эдгээр хэрэглэгчид сард дунджаар 81,560.4 кВт.ц хэрэглэсэн байна. Тухайлбал:
Жаргалант Эко хотхоноос байнгын оршин суудаг 89 айлын цахилгааны хэрэглээг шүүж үзэхэд хамгийн өндөр хэрэглээтэй айл нь хүйтний улирлын 1 сард 622 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэжээ.Тэгвэл үүнээс 200 мянган төгрөгийн хөнгөлөлтийг авсан байна.
Өндөр хэрэглээтэй айл өрхүүд нь ихэвчлэн Дархан цаазат Богд хан уулын аманд баригдсан амины орон сууц, орон сууцны хотхон, Ар гүнт, Гачуурт, Шарын ам, Баянголын амны зуслангийн хэрэглэгчид байв.
Дээрх хэт өндөр хэрэглээтэй нийт 2715 хэрэглэгчид байгаа нь хөнгөлөлтөд хамруулсан цэгийн 2 хувь байгаа хэдий ч ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ 19.6%-ИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА.
Дата эх сурвалж: Үндэсний аудитын хороо