/2022.01.07/ Иргэний нийгмийн орчныг хумих хуулийн төслүүдээс татгалзах шаардлага хүргүүлжээ. Учир нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хууль зүйн дотоод хэргийн сайд Холбооны эрх зүйн байдлын тухай болон Сангийн эрх зүйн байдлын тухай хоёр хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив.
Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ) уг хуулийн төслүүдийг боловсруулахдаа Монгол Улсын Хууль тогтоомжийн тухай хууль хийгээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй огт нийцээгүй үйл явц бүхий арга барил ашиглаж, иргэд, иргэний нийгмийн оролцоог үл хангаж ноцтой зөрчил гаргав.
Уг хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсэг 2020 оны 11 дүгээр сард байгуулагдсан ч ёс төдий үүрэг гүйцэтгэв. Учир нь
- Уг ажлын хэсэг 2021 оны 01 дүгээр сард цахим хуралдсанаас хойш дахин ганц ч хуралдаагүй;
- Иргэний нийгмийн байгууллагууд 2021 оны 01 дүгээр сарын 21-нд өгсөн хоёр хуулийн үзэл баримтлал, төслийн заалт бүрээр санал, шүүмж нэгтгэн боловсруулж хүргүүлсэн боловч ажлын хэсэг албан ёсны хариу өгөхөөс татгалзсан;
- Дээрх өдрөөс хойших 10 гаруй сарын хугацаанд иргэний нийгмийн төлөөллийг хуулийн төслүүдийн аливаа хэлэлцүүлэг, үйл ажиллагаанд оролцуулаагүй;
- ХЗДХЯ хуулийн төслүүд дээр хэн хэрхэн ажиллаж, ямар өөрчлөлт оруулж буй тухай мэдээллийг иргэний нийгмийн байгууллагуудаас гадна ажлын хэсгийн гишүүддээ мэдээлэхгүйгээр Засгийн газрын хуралдаанаар батлуулж УИХ-д өргөн барьсан болно.
Түүнчлэн, ХЗДХЯ холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай уг хуулийн төслүүдийг боловсруулахдаа Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын аргачлалын дагуу хийсэн терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хуулийн үзэл баримтлалын гол үндэслэл болгосноор ФАТФ-ын албан ёсны удирдамжийг зөрчив. ФАТФ-ын удирдамжид уг эрсдэлийн үнэлгээ зөвхөн хөрөнгө босгон хуваарилдаг байгууллагуудад хамаатай бөгөөд нийт ашгийн төлөө бус байгууллагуудад хамаарахгүйг анхааруулсан байтал ХЗДХЯ үүнийг нийт иргэний нийгмийн байгууллагуудад хамааруулж, иргэний нийгмийн орон зайг хумих үндэслэл болгожээ.
Зүй бус байдлаар боловсруулагдсан уг хоёр хуулийн төслийг өргөн хүрээний төрийн бус байгууллага (ТББ)-уудаас бүрдсэн Иргэний нийгмийн консорциум, Монголын хүний эрхийн форум эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн албан бичгүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарт 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүргүүлсэн байна. Иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлсэн ч 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Ингэснээр уг хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэх асуудал УИХ-ын чуулганы 2022 оны 01 дүгээр сарын 06-07-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товд оржээ.
Дээр тайлбарласан асуудлуудаас гадна, ТББ, иргэний нийгмийн идэвхтнүүд бид холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай уг хуулийн төслүүд Монгол Улсын иргэний орон зай болон ТББ-уудын хараат бус байдалд тодорхой эрсдэл дагуулж буйд зовниж байна. УИХ-ын parliament.mn вебсайт дээрх уг хуулийн төслүүдийн эрсдэлтэй заалтууд, ТББ-уудын төрөл, засаглал, тайлагналттай холбоотой хүндрүүлсэн шаардлагууд нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа явуулж буй мянга мянган ТББ-уудыг ажиллах боломжгүй болгох эрсдэлтэй байна. “Холбоо”, “сан” гэсэн хэлбэрүүдийг хуульчилснаар Монголын иргэний нийгмийн өнөөгийн олон янз байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй бөгөөд ТББ-уудын төрлийг хэт явцууруулан тодорхойлж, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо зэргийг хатуу хуульчилснаар иргэний нийгэм, ашгийн бус салбар цаашид хөгжихөд хязгаарлалт болно гэж сүүлийн үеийн судалгаа, дүн шинжилгээнүүд дүгнэжээ. Түүнчлэн дээрх хоёр хуулийн төсөл Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлөөр дамжуулан иргэний нийгмийг улс төржүүлж, мөн санхүүжилтийн чухал эх үүсвэрүүдийн хүртээмжийг улам хүндрүүлэх эрсдэлтэй байна.
Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай уг хуулийн төслүүд болон холбогдох хавсралтууд хаалттай байдлаар боловсруулагдаж, төөрөгдүүлсэн мэдээлэл агуулснаас гадна Монгол Улсын иргэний орон зайг эрсдэлд оруулж байна. Монголын нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус олон тооны ТББ-ууд ажиллах боломжгүй болвол засаглалыг сайжруулж, иргэдийг төлөөлөн хөндлөнгийн хяналт тавих иргэний нийгмийн байгууллагуудгүй болох эрсдэл учирч байна. Тиймээс эвлэлдэн нэгдсэн өргөн хүрээний ТББ-ууд бид үндсэн зарчмууд дээр нэгдэж, доорх шаардлагуудыг хүргүүлж буйг хүлээн авна уу:
- Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай уг хуулийн төслүүдийг хууль санаачлагч нь татан авах, УИХ-ын холбогдох байнгын хороо буцаах, хууль тогтоогчид үл дэмжих;
- Уг хуулийн төслүүд болон иргэний нийгмийн салбарын эрх зүйн байдлыг шинэчлэх аливаа бодлого, хуулийн төсөл боловсруулах үйл явцад иргэний нийгмийн төлөөллийг зүй ёсоор оролцуулах;
- Уг хуулийн төслүүд болон бусад холбогдох сэдвээр олон нийтийн хэлэлцүүлгүүдийг зөв зохистой зохион байгуулж иргэдийн саналыг авах;
- Бодлого боловсруулагч, хууль тогтоогчид ил тод, нээлттэй байдал болон иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог бодит байдлаар, ажил хэрэгч хангах;
- Иргэний нийгмийн салбарын эрх зүйн байдлыг шинэчлэхтэй холбоотой аливаа хууль батлахдаа иргэний нийгмийн хүчин төгөлдөр байдал болон ТББ-уудын хараат бус байдалд заналхийлэхгүй, иргэний орон зайг хумихгүй байх;
- Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өндөр ач холбогдолтой дээрх чухал асуудлуудын талаарх мэдээллийг олон нийтэд цаг тухайд нь хүргэж байх;
- Дэлхийн олон улс оронд ардчиллын ухралтын үзэгдэл явагдаж, КОВИД-19 коронавирусийн цар тахал ардчилсан институцүүдийг сорьж, иргэний орон зай хумигдаж буй энэ цаг үед ТББ-уудын хараат бус байдал болон Монгол Улсын иргэний нийгмийг хамгаалахын тулд энэхүү нээлттэй захидлыг дэмжин гарын үсэг зурна уу хэмээн уриалж байна.
Мөн тухайн хуулиас татгалзах иргэдийн саналыг цахим орчинд авч эхлээд байгаа юм. Хэрэв санал өгөх бол ЭНД дарна уу.
Нээлттэй захидлыг илгээсэн:
- Ардчиллын боловсрол төв (ДЕМО)
- Бодлогод залуусын хяналт
- Глоб интернэшнл төв
- Судлаач Ц.Батсугар