/2022.01.06/ Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, шинээр байгуулагдах хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томиллоо.
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ ТНБД: Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг томилжээ. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.1-т зааснаар:
Тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;
гэж тусгаж өгчээ. Б.Болор-Эрдэнэ нь Засгийн газрын 2020 оны долоодугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар томилогдсон юм. Түүний ажлын туршлагыг үзвэл:
- 2011-2012 онд Азийн хөгжлийн банк -Төслийн мэргэжилтэн
- 2012 онд - Мянганы сорилтын сан-Туслах мэргэжилтэн
- 2013 онд - Дэлхийн банк - Төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн
- 2017 онд - Их Британийн Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын Анализ шинжилгээний газар - Судлаач, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагад гэрээт зөвлөх
- 2018 онд - Дэлхийн банкны Австрали Улс дах салбарт - Гэрээт зөвлөх
- 2019 онд - Английн Оксфордын Их сургуультай хамтарсан “Цахим эрин дэх Монгол Улс” төсөл - Ерөнхий зохицуулагч
- 2020 онд - Засгийн газрын Хэрэг эрхлэх газар - Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны даргаар тус тус ажиллаж байжээ.
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ТНБД Х.БАТЖАРГАЛ
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал томилогджээ. Түүний ажлын туршлагыг нь сөхөж үзвэл:
- 2003-2006 онд Үнэт цаасны хороонд мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн,
- 2012-2014 онд "Инвенто" компанийн гүйцэтгэх захирал,
- 2014-2016 онд БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал,
- 2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
- 2018-2020 онд БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга,
- 2021-2022 онд Үндэсний хөгжлийн газрын даргын албан тушаалыг хашжээ.
Х.Батжаргалын хувьд төрийн албанд нийт 9 жил ажилласан бол Б.Болор-Эрдэнэ ихэвчлэн Олон улсын байгууллага, төслийн ажилд оролцож байжээ. Тэрээр төрийн албанд нийт 2 жил ажилласан байна. Гэсэн ч тэд төрийн албанд 16-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай гэх хуулийн заалтыг зөрчиж, ийнхүү Төрийн нарийн бичгийн албанд заларлаа. Тэднийг жинхлэхгүй байх эрх Төрийн албаны зөвлөлд хадгалагдаж байна.