ЭМЧ: Цистит буюу давсагны үрэвсэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Цистит буюу давсагны үрэвсэл

Судалгаагаар таван эмэгтэй тутмын нэг нь цистит буюу давсагны үрэвслээр өвддөг байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог өвчин юм. Тиймээс яагаад циститдэг шалтгаан, ойр ойрхон цистит хүрэх нь ямар хор уршигтай болох, урьдчилан сэргийлэх талаар эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийн боловсролд зориулан зөвлөгөө мэдээлэл хүргэхээр "АСЭ" эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлгийн Эмэгтэйчүүдийн эмч Л.Сэр-Одтой ярилцлаа.

Цистит ямар төрлийн өвчин бэ? Шалтгаан нь юу вэ?

Цистит буюу давсагны үрэвсэл нь бөөр шээсний замын өвчин юм. Судалгаагаар таван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа явцад давсагны үрэвслээр өвдсөн байдаг. Давсагны үрэвсэл үүсэх шалтгаанууд нь:

  • Бөөр шээсний зам нь давсаг, шээс дамжуулах суваг, бөөр гэсэн бүтэцтэй байдаг. Биеэ даасан бөөрний үрэвслийн үед давсаг хоёрдогчоор үрэвсэж циститийн шинж тэмдгүүд илэрч болно.
  • Хоёр дох гол шалтгаан нь өгсөх замын халдвар. Үтрээнд байгаа нян болон мөөгөнцрийн үрэвсэл нь шээсний амсарт очиж өгсөх замаар халдвар үүсч давсагны үрэвсэл болдог.
  • Эмэгтэйчүүдийн төрөлтийн улмаас давсаг унжсантай холбоотойгоор үүсдэг. Төрөлтийн явцад бэлэг эрхтэн, анатомийн бүтцэд өөрчлөлт орж давсаг унжих үед ханиаж найтаахаар шээс гарах шинж тэмдэг илэрдэг. Давсагны хана суларч унажихаар шээсний сүвний хунигч булчингаар шээсээ бүрэн гаргаж чадахгүй, улмаар давсагт үлдэгдэл шээс хуримтлагдаж нян бактери үржин давсагны үрэвсэл үүсгэдэг. Ихэвчлэн энэ гурван шалтгаанаар үүсдэг.

Мөн цистит үүсгэдэг өөр олон шалтгаан бий. Жишээ нь гэдэсний савханцар буюу бэлгийн ариун цэвэртэй холбоотой, сүрьеэ өвчний үед, туяа эмчилгээнд орох, үтрээндээ үнэртэн бодис цацаж шээсний сүвийг цочроосноос болж үүсэх нь бий.

Нэг ёсондоо үрэвслээр үүсдэг өвчин гэж ойлгож болох уу?

Тийм. Гаднаас нян бактери орж өгсөх замаар үрэвсэл үүсгэдэг. Эрэгтэйчүүдэд харьцангуй бага тохиолддог байхад эмэгтэйчүүдэд түгээмэл илэрдэг шалтгаан нь үтрээ шээсний сүвтэй ойрхон буюу хоёр бэлэг эрхтний бүтцийн хувьд ойрхон байрлалтай байдагтай холбоотой юм. Хүүхэд ч мөн давсагны үрэвслээр өвдөж болно. Гэхдээ нөхөн үржихүйн насны эмаэгтэйчүүд буюу бэлгийн амьдрал идэвхтэй байгаа хүмүүст илүү их тохиолддог.

Доороосоо даарахаар циститдэг гэдэг ойлголт хүмүүсийн дунд байдаг?

Саяны хэлсэн шалтгаануудын улмаас үтрээнд нян бактери үрждэг. Тухайн хүн биеийн эсэргүүцэл сайн байж, дархлаагаараа дарангуйлаад байвал ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй. Харин дархлаа сулрах буюу даарах үед нөгөө нян бактери нь үрэвсэл үүсгэн идэвхжиж өвддөг. Үүнийг даарахаар цистит хөдлөөд байна гэж ойлгоод байгаа юм.

Цистит хөдлөөд гээд л гэрийн нөхцөлд дур мэдэн эмчлээд байдаг. Байнга цистит хөдлөх нь эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

Циститийг эмчлэхгүй орхивол бөөр шээсний замын идээт үрэвслийг үүсгэдэг. Дур мэдэн гэрээр антибиотик эмчилгээ эхлэхгүй байх ёстой. Цистит өвчнийг гэрийн нөхцөлд бүрэн эмчлэх боломжгүй. Халуун жин тавих нь шинж тэмдгийг бүдэгрүүлж, биеийн эсэргүүцэл суларвал өгсөх замын халдвараар бөөрөө гэмтээдэг.

Бөөрний үрэвслийн 26 хувь нь цистит өвчнөө бүрэн эмчлээгүйгээс болдог. Харин эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн ердөө 0.8 хувь нь л бөөрний үрэвслээр өвдөх магадлалтай байдаг гэсэн судалгаа бий.

Тиймээс маш сайн эмчлэхгүй бол хамгийн энгийнээр бөөр өвддөг болно гэж ойлгох хэрэгтэй.

Ямар шинж тэмдгээр илрэх вэ? Хэрхэн оношилгоо шинжилгээ хийлгэх вэ?

Зарим тохиолдолд халуурч болно. Мөн шээс ойр ойрхон хүрэх, дүлж шээх, бүрэн шээж чадахгүй, шээс үлдэх зэргээр маш их зовиур өгдөг. Шээсний өнгөнд өөрчлөлт орох буюу цустай шээх, шээс нь булингартай болох, хар цай шиг өнгөтэй болдог. Бага насны хүүхэд шээх гээд шээж чадахгүй уйлах, зовиуртай байгаагаар нь мэдэж болно.

Циститийн үед шээсний ерөнхий шинжилгээ, шээсэнд бактери ургуулах шинжилгээ, шээсний сүвээс арчдас авах аргаар шинжилдэг. Эмэгтэйчүүдийн талаас үтрээний мазок буюу наалдцын шинжилгээ, үтрээнээс бактериологийн шинжилгээнүүд авч оношилдог. Шээсний ерөнхий шинжилгээ өгөхөд өлөн шээс байх, харин шээсний нян ургуулах шинжилгээний хувьд тухайн өдрийн аль ч шээс байж болно.

Циститийн шинж тэмдэг илэрвэл нэн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ? Бүрэн эмчлэгдэх үү?

Шууд эмнэлэгт хандах хэрэгтэй. Дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Дутуу эмчлээд архаг хэлбэрт орсон бол дахин дахин өвддөг. Тиймээс эмнэлгийн нөхцөлд тухайн хүний биеийн байдал, шинж тэмдэг, шинжилгээг харж байж эмчилгээний тактикаа боловсруулна. Гол эмчилгээ нь антибиотик, шээс хөөх эмчилгээ хийдэг. Мөн үтрээний нян, мөөгөнцрийн үрэвслийг давхар эмчилж байж үр дүнд хүрдэг. Мөн эмэгтэйчүүд талаасаа хавсарсан эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Архаг хэлбэрт шилжсэн бол бүрэн эмчлэгдэх үү?

Бүрэн эмчлэгдэнэ. Гэвч дээр хэлсэн шалтгаануудыг арилгахгүй бол дахиад циститээр өвдөх эрсдэлтэй. Гэрээр эмчлэхгүйгээр мэргэжлийн эмчийн заавар зөвлөмжийн дагуу эмчлүүлснээр урьдчилан сэргийлэх арга барилгыг эзэмших давуу талтай. Заавал өвчилсөн үедээ үзүүлэх гэлтгүй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд маань жилд нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэ, урьдчилан сэргийлэх үзлэгт орж хэвших нь цистит өвчнөөс гадна олон өвчин эмгэгээс сэргийлэх, эрт үед нь илрүүлэх ач холбогдолтой.

Төрсний дараа давсаг унжсанаас болж цистит үүсдэг гэсэн. Ийм үед ямар эмчилгээ хийх вэ?

Төрсөн хүн бүр циститэхгүй. Төрсний дараа тухайн ээж нялх биетэй, дархлаа сул байдаг учраас дархлаагаа дэмжих, бэлгийн ариун цэврээ сахиж урьдчилан сэргийлэх боломжтой. Давсагны үрэвслийн нянгийн 90 хувийг шулуун гэдэсний савханцар эзэлдэг учраас бэлгийн ариун цэвэр сахих нь маш чухал. Мөн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж давсагны унжилтыг эмчлүүлэх хэрэгтэй. Эмчлүүлэхгүй бол цистит дахиад л байна.

Бэлгийн ариун цэвэр сахих тал дээр та зөвлөгөө өгөөч? Эмэгтэйчүүдийн дунд байдаг буруу хандлагын тухайд?

Бэлгийн ариун цэвэр сахина гэхээр янз бүрийн үнэртэн хэрэглэж, савангаар үтрээгээ дотор гаднахгүй угаагаад байдаг нь маш буруу. Энэ нь үтрээнд байгаа ашигтай бактериа устгаж, үтрээний хамгаалах чадвар алдагддаг. Улмаардоошоо цагаан юм их гарах, шээсний сүв үрэвсэх шалтгаан болдог. Тиймээс өтгөнөөр бие зассаны дараа бэлэг эрхтнээ урдаас хойшоо чиглэлтэй арчих, дотогшоо оруулж угаахгүй, цэвэр усаар угаах нь зүйтэй.

Ер нь үтрээ ямар бүтэцтэй, хэр эмзэг эрхтэн бэ? Өөрийгөө хамгаалах чадвартай гэж яриад байдаг?

Умайн хүзүү, гадна бэлэг эрхтний хооронд байгаа бэлгийн харьцаанд орж буй тэр хэсгийг үтрээ гэдэг. Үтрээ нь өөрийгөө хамгаалах тогтолцоотой эрхтэн бөгөөд маш их ашигтай бактери, тодорхой хэмжээний ашиггүй бактерийг агуулж байдаг. Ашигтай бактерийн ихэнх хувь нь сүүнхүчлийн бактери байдаг. Сүүнхүчлийн бактерийн хэмжээ буурахөөр мөөгөнцөртөхөөс гадна нянгийн гаралтай үрэвсэл үүсдэг.

Сураггүй болсон 15 настай охиныг олжээ
Сураггүй болсон 15 настай охиныг олжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.