/2022.01.04/ Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр асуулт асуусан юм. Тэрээр:
Цар тахлын амаргүй хоёр жил өнгөрч байна. Цар тахлыг амжилттай давж байгаа туршлагыг дурдвал Дэлхийн эдийн засгийн формын гүйцэтгэх захирал өнгөрсөн жил хэлэхдээ "Засгийн газар, төв банктай хамтарч байж цар тахлыг амжилттай давна" гэх бодлого дэвшүүлсэн байсан. Үүнд нэг зүйлийг хатуу сануулсан. Энэ нь тодорхой хугацаатай байх хэрэгтэй. Засгийн газар, төв банк хоёр бол хэзээ ч дурлахгүйгээр үнсэлцэж болохгүй, нэг хөнжилд орж болохгүй этгээд. Энэ хоёрын үерхэл удаан хугацаагаар үргэлжлэх юм бол цус ойртоод баларна, үерхэл хугацаатай байх хэрэгтэй гэж сануулсан.
Ипотекийн зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэх, сунгах тал дээр миний санаж байгаагаар өнгөрсөн жил Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нарын үг яриа зөрсөн. Энэ үнэхээр зөрөөд байгаа эсэхийг мэдмээр байна.
Манай улс үнэхээр л гурван боомт, гурван түүхий эдээс хамааралтай эдийн засагтай юм. Чоно борооноор гэгчээр өвчин зовлонг далимдуулаад хэдэн нөхдүүд дураараа дургиж байна. Энэ дотор төмөр замын асуудлыг хэлмээр байна. Манайх өдөртөө Эрээн-Замын-Үүд чиглэлд 14 вагон гарч байна. Үүний найм нь транзит гэж байна, үүний зургааны дөрөв нь төмрийн хүдэр. Үнэхээр бизнес эрхлэгч хүмүүс оруулж ирж чадахгүй байна.
Авлига зах замбараагаа алдаж байгаа талаар дэлсээд байна. Төмөр замынханд цар тахлын үеийн авлигаас арав дахин их авлига одоо өгдөг болсон гэж байна. Их авлига өгч чадсан нь л вагон явуулж чаддаг. Энэ дээр төмөр замын асуудал эрхэлсэн ажилчид ямар бодлого барьж байна вэ? Нээлттэй ил тод ажиллаж чадаж байна уу?
Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:
- Төмөр зам дээр өдөрт 14 галт тэрэг гардаг байсан, одоо бол 7 гарч байна. Хэл ам гарсан нь нүүрсний асуудал дээр төмөр замын дагуу урагшаа Замын-Үүд рүү гарсан чиглэлд 3 сая гаруй тонн нүүрс өртөө дээр овоорсон. Тэндээс гарах гарц нь бага учраас хэл ам гарсан. Гэхдээ Улаанбаатар төмөр зам гэхээс илүү хувийн хэвшлийн вагон татах үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Одоогоо авлига авсан тодорхой зүйл байхгүй. Зарим нэг хүн дээр шалгаж байгаа асуудал байгаа. Улаанбаатар төмөр зам өөрийнхөө ачааллын хуваарийг сарын өмнө гаргаад, түүнийхээ дагуу зохион байгуулалтад ордог.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Цар тахлын үеэр нийт 1059 тоглолт контент бэлтгэсэн гэж байна. Карентин-14, мэдээллийн урсгал гэх мэт. Үүнийг тухайн үедээ улсын төсвөөс хийгээгүй гэж байсан. Үнэн үү? Улсын төсвийн нийт хэдэн төгрөгөөр хийсэн бэ?
Сангийн дэд Сайд С.Мөнгөнчимэг:
- Соёлын яамнаас хийсэн сошиал контенттой холбоотой төсвийн зардал гарсан. Соёлын сайдын багцын хувьд ямар зохицуулалт хийснийг тус яам дэлгэрэнгүй хариулах байх.
Соёлын дэд сайд М.Батбаяр:
- Нийт 10 ихнаядын хөтөлбөрт манай яамны хариуцах гурван асуудал байсан. Үүнд нийгмийн сэтгэлзүйг дэмжих, соён гэгээрлийн арга хэмжээ байсан. Нийт найман нэвтрүүлэг бэлтгэж 16 телевизээр, давхардсан тоогоор нийт 5.2 сая хүнд хүргэсэн. Үүнийг дээрх 10 ихнаядын төсвийн санхүүгээр хийгээгүй.
Харин наадам контент дээр ардын хувьсгалыг тэмдэглэн өнгөрүүлэх зардлаас 980 сая төгрөгөөр хийсэн.