/2022.01.03/ БОАЖЯ, МХЕГ, ЦУОШГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран өнгөрсөн долоо хоногт агаарын чанарын индекс, шахмал түлшний борлуулалтын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн, "Өнгөрсөн өдрүүдэд шахмал түлшний 608 цэг ажиллаж 4000 орчим тонн сайжруулсан түлш худалдаалсан. Баярын үеэр шахмал түлшний хомстол үүсээгүй. Өнөөдрийн байдлаар 22,100 тонн нөөцтэй байна. Энэ нөөцөөр сар шинийн баярыг дуустал айл өөрхүүдийг хангах боломжтой гэж харж байна.
Сайжруулсан түлш худалдаж авах боломжгүй нэн хүнд айл өрхийг шахмал түлшээр хангах үүрэг даалгаврыг өгсөн. Үүний хүрээнд 6,098 зорилтот бүлгийн айл өрхийн халамжийн оноон дээр тулгуурлаж шахмал түлш олгоно. Ингэхдээ өөрсдөө аваачиж буулгаж өгөх бус, шахмал түлшний картыг нь цэнэглэж өгч хамгийн ойр цэгээсээ 7 хоногт олгогдох 6 шуудайг авах боломжийг бүрдүүлж өгч байна" гэв.
Цар тахлын улмаас ажилгүй, орлогогүй болсон амьжиргааны түвшин доогуур айл өрхөд 6 долоо хоногийн хугацаанд үнэгүй шахмал түлш олгох аж.