/2021.12.23/ Тэнгисийн гэр бүл жил гаруйн хугацаанд төрөөр цахилгаан, дулаан, ус, хогны мөнгөө “даалгасан” хугацаа дуусахад найман хоног үлджээ.
Энэ гэр бүлтэй адил монголын 980 мянган өрх ийнхүү төлбөрийн ачааллаасаа нэг жил хол байсан. 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар энэ хөнгөлөлтөд 290 тэрбум төгрөгийг төрөөс зарцуулсан тоон мэдээ бий.
Хоёр хүүхэдтэй, гэр бүлийнх нь нэг л гишүүн ажил хийж цалин авдаг Тэнгисийнх хоёр өрөө байранд амьдардаг. 65м2 хоёр өрөө байртай айлын өмнөх жилийн аравдугаар сард төлсөн байрны мөнгийг харвал дараах байдлаар сар бүр төлдөг болно. Үүнд:
- Хогны мөнгө 2 мянга,
- Цэвэр болон бохир усны төлбөр 16 мянга,
- Дулааны үйлчилгээ, ус халаасны төлбөр 43 мянган төгрөг.
- Нийт дүн ойролцоогоор: 61 мянган төгрөг
Ингээд сард 980 мянган төгрөгийн цалинтай эхнэр нь дээрх зардал болох 61 мянган төгрөгийг цалингаасаа хасах хэрэг гарч байна. Гэр хороололд амьдардаг иргэдийн хувьд сайжруулсан түлшний хөнгөлөлт дөрөвдүгээр сарыг 1-нийг үргэлжлэх юм.
ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 5 ДАХИН ИХЭСЖЭЭ
Монголбанкнаас гаргадаг хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн улсын инфяцийн мэдээг харахад
- 2020 онд инфляци 2.3 хувь байсан бол,
- 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар 10.5 хувьд хүрчээ.
Инфляц гэдэг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гэж “бүдүүн бааргаар” ойлгож болох юм.
ЦАЛИН НЭМЭГДСЭН НЬ ҮНЭН ҮҮ?
Тэнгисийн эхнэр Балжидмаа хувийн байгууллагад ажилладаг, сардаа 980 мянган төгрөгийн цалинтай. Тэдний компани ковидын хүндхэн үед цалин нэмэх нь бүү хэл зарим ажилтнаа цомхотгоход хүрсэн.
Үндэсний статистикийн хорооноос энэ оны гуравдугаар улирлын байдлаар улсын дундаж цалингийн хэмжээ 1.3 сая төгрөг байна гэлээ. Гэтэл энэ дүн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 66 мянган төгрөгөөр ӨССӨН үзүүлэлт гэж, арванхоёрдугаар сарын 15-ны өдөр мэдээлэв.
Жишээ №1:
ЦАГДАА: төрийн тусгай албан хаагчийн цалингийн 9.3 дугаар зэрэглэлээр цалинждаг. Үндсэн цалин 727 мянган төгрөг.
Энэ жил цалин нэмэгдсэн эсэх: Үгүй
Жишээ №2:
УЛСЫН СУРГУУЛИЙН БАГШ: Сургуулийн өмнөх болон бага дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн 3.3 дугаар зэрэглэлээр цалинждаг. Үндсэн цалин: 770 мянган төгрөг
Энэ жил цалин нэмэгдсэн эсэх: Үгүй
Жишээ №3:
ХУВИЙН /харилцаа холбооны/ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН. Үндсэн цалин 725 мянган төгрөг.
Энэ жил цалин нэмэгдсэн эсэх: Үгүй
ЭНЭ ОНД АЖИЛГҮЙ БОЛСОН ИРГЭД
Дээр өгүүлсэнчлэн Балжидмаагийн ажилладаг компани л гэхэд 25 ажилтнаасаа 3-ыг цомхотгожээ.
Монголбанкны судалгаагаар ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар, өмнөх улирлаас 1.2 нэгж хувиар нэмэгдэж 8.8 хувьд хүрсэн нь сүүлийн зургаан улирлын хамгийн өндөр түвшин болжээ. Ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 115.5 мянгаар буурчээ.
Мөн хүн амын ажил эрхлэлтийн тоо буурч байгаагаас шинээр бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо өмнөх оноос 9,9 хувиар нэмэгдсэн байна.
Мөн нийгмийн даатгал төлөгч ажлаасаа гарсны дараа авдаг “АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ”-ийг
- 2020 оны эхний арван нэгэн сарын байдаар 117 мянган иргэн
- 2021 оны мөн үед 140 мянган иргэн авчээ. Энэ нь өнгөрсөн жилээс 23 мянгаар өссөн үзүүлэлт юм.
ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙН 2020 ОН БОЛОН 2021 ОНЫ ЯЛГАА
Ажилгүйчүүдийн тоо ийнхүү нэмэгдэж байгааг дээрх статистик тооноос харж болно. Үүний зэрэгцээ инфляц 10,5 хувьд хүрснийг Монголбанк мэдээлсэн.
Дөрвөн ам бүлтэй Тэнгисийн гэр бүл сард 369 мянган төгрөг хүнсэндээ зарцуулдаг талаарх мэдээллийг бид өмнө дугаартаа хүргэж байсан билээ. Тэгвэл бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь энэ өрхийн хэрэглээнд хэрхэн нөлөөлсөн бэ? Бид 2021 оны арванхоёрдугаар сарын 20 болон өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулан хүргэж байна.
-
Монголбанк 2021 оны инфляцийн тайлан, https://www.mongolbank.mn/documents/statistic/inflationtuluv/202106.pdf /
-
Монголбанк: Улсын инфляцийн мэдээ,
-
Нийгмийн даатгалын ерөнхий газар,
-
Үндэсний статистикийн хороо