/2021.12.20/ "No double standard" хөдөлгөөнөөс УИХ иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж байгаа талаар болон бүх нийтийн сонсголыг баярын өмнөхөн, олон нийтийн анхаарал хандахгүй цаг үед хийх гэж буйг шүүмжлэн мэдээлэл хийлээ.
Тус хөдөлгөөнийхний зүгээс дараах зүйлсийг хэллээ. Тодруулбал, "Ард иргэдийн эрх чөлөөний асуудлыг хэлэлцэхдээ шинэ оны яг өмнөхөн, баярын уур амьсгалд, бүрэн дүүрэн зохион байгуулалтгүй хийх гэж байгаа нь энэхүү нээлттэй сонсгол үр дүнгүй болох магадлалтай байна. Тиймээс бид нээлттэй сонсголыг хойшлуулах саналтай байна. Үүний оронд 2022 оны нэгдүгээр сардаа багтааж хийхийг хүсэж байна.
Мөн сонсголд оролцогсдыг бүртгэлээр, урилгаар, ажиглагч гэсэн үндсэн гурван хэсэгт хувааж байгаа оролцуулахыг хүсэж байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийг 20-оос дээш байлгах буюу хүсэлт гаргасан бүх тв, сайтыг оруулах хэрэгтэй.
"No double standard" хөдөлгөөнөөс иргэдийн эрх чөлөөний тухай хэлэлцэж байгаа асуудалд бид сайн дураараа эвлэлдэн, дэмжиж, зөвлөгөө өгч, туслан оролцоход бэлэн. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг авч үлдэх нь чухал байна. Одоо байгаа нэршил нь хэт социалист хэв маягтай байгаа ба хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бус бүр шинээр буюу нэршил талаас нь "иргэний үзэл бодлоо илэрхийлэх..." гэх мэтээр цаг үетэйгээ нийлүүлэхийг хүсэж байна" гэлээ.
Иргэн Д.Монголхүү:
-Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хяналтдаа авч чадвал бусад бүх эрхийг хязгаарлаж болдог. Монголын ардчилал өнөөдөр сошиал платформд дөнгөн данган тогтож байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал жагсаал цуглаан хийх журмын зөвхөн 10-р заалтыг өөрчлөх талаар яриад байгаа юм. Гэтэл энэ хууль нь бүхэлдээ өнөөдрийн нийгмийн харилцааг зохицуулах чадамжгүй, учир дутагдалтай хууль байгаад байна. Жишээ нь, Жагсаал хийж буй иргэдийн шаардлагыг хүлээж авч эргүүлээд хариу өгнө зохицуулалт байхгүй.
Иргэн Д.Амартүвшин:
-Сүүлийн үед бүх нийтийн сонсголуудыг "халтуурдаж" байна. Шинэ жилийн өмнөх өдөр сонсгол хийсэн болоод орхих биш, хүссэн хэвлэл мэдээллийнхнийг оруулж энэ удаагийн сонсголыг жишиг болохуйц чанартай, зохион байгуулалттай хиймээр байна гэв.