/2021.12.20/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутаг дэвсгэрт 74 чиглэлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:
- 2022 оноос хувиараа, бие даан, бичил хөдөлмөр эрхлэх хүсэл мөрөөдөл тээж ажиллахыг хүсэж байна. Мөн хотын даргын хувьд бүх талаас нь дэмжинэ. Төрийн хүнд суртлыг багасгахын тулд олон газраас гарын үсэг цуглуулдаг байдлыг хална. Улсын хэмжээнд 6 мянган стандарт байдаг.
Нэг талаас хэм хэмжээг цуцлахад, нөгөө талаас хариуцлага нэхэж эхэлнэ. Бид мөнгөтэй болох гэж байгаа иргэдээ дэмжих хэрэгтэй. Нэг хүн ч гэсэн орлогоо өөрөө даагаад явах үед төрд маш их нэмэр болно.
Бид иргэдийг аль болох халамжийн бодлогоос татгалзаж, хөдөлмөр эрхлэх нөхцлийг бүрдүүлж ажиллана.
Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа нийт 18 мянган иргэн, ААН-ийн хэмнэлтийг тооцож үзэхэд: Зөвшөөрөл авахын тулд 7-12 бичиг баримт, жилд дунджаар 168 мянган бичиг баримтын зарлыг /42 сая/ тээврийн хэрэгслийн 149 сая төгрөгийн өртөг гарч байна. Нийслэлийн хувьд аль болох иргэд, ААН-ээ дэмжих талаас хатуу бодлого барьж байна.
74 үйлчилгээг эхний ээлжинд хялбаршуулсан. Үүнд: Бөөний худалдааны төв, агуулах дэлгүүр, худалдааны төв, зах, их дэлгүүр, хайпермаркет, супермаркет, үзүүлэнгийн танхим, оутлет, бүтик, мини маркет, хүнсний дэлгүүр, ая тухтай сүлжээ дэлгүүр, ТҮЦ, мухлаг, үйлчилгээний цэг, улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, дахивар худалдан авах цэг, ресторан бар, кафе, нийтийн үйлчилгээ болон байгууллагын дэргэдэх цайны газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, үсчин, гоо засал, хумс засал, хувцас гутал тавилга цахилгаан хэрэгсэл алт мөнгө түлхүүр нүдний шил цаг засвар, хими цэвэрлэгээ, гэрэл зургийн үйлчилгээ, цэвэрлэх үйлчилгээ, зочид буудал, дэн буудал, амралтын газар, жуулчны бааз, саун, фитнесс, алжаал тайлах төв, нийтийн бие засах газар, авто засвар, авто угаалгын үйлчилгээ, авто машины ашиглалтын материалын худалдааны төв гэх мэт үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрлийг цуцлах санал оруулсан.
Гол нь ААН, иргэд маань хариуцлагатай ажиллана гэж гүнээ итгэж байна.
Зөвлөх н.Мөнх-Эрдэнэ:
НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр соёл урлагийн сургалт цэнгээний журам, худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд өөрчлөлт орж байна. Үүнтэй холбогдуулан 74 тусгай зөвшөөрөл авах хэрэггүй болж байна. Ингэснээр иргэд ААН-үүд цаг, мөнгөө хэмнэх хүнд суртал багасах юм.
НИТХ-аас 2022 оны төсвийг баталсан. Төрийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах хуульд заасны дагуу иргэдийн оролцоог нэмж ажиллах хэрэгтэй. Иймээс ирэх жил зарлагдах 281 тендерт оролцох бүрэн боломжтой юм.