/2021.12.20/: Хан-Уул дүүргийн хог тээвэрлэлтийн компаниудад парк шинэчлэлт хийх ажлын эхлэл болгож, дөрвөн компанид хог шахаж, ачих үйлдэлтэй камаз /КО456/ маркийн дөрвөн автомашиныг хүлээлгэн өглөө.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагаанд тусгагдсан “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго чухлаар тавигдсан бөгөөд сүүлийн 10 гаруй жил парк шинэчлэл хийгээгүй, хог тээвэрлэх зориулалттай автомашины ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй, засвар үйлчилгээ ихтэй байсан. Иймээс 2021 онд хог тээврийн шинэ 10 автомашин, 2022 онд 12 автомашиныг шийдвэрлэн өгснөөр хог тээврийн компаниудын ажлын бүтээмж 20 хувиар сайжрах юм.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд “Хоггүй, цахим, ногоон” болох гурван уралдаан зарласан. Хан-Уул дүүрэг 2017 оноос хойш хоггүй, эко дүүрэг болох зорилт дэвшүүлэн, дүүргийнхээ хог хаягдлын менежментийг сайжруулах, автомашин, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийж байна. Эко-Эрүүл дүүргийн иргэдийн амьдрах орчныг цэвэрхэн байлгахын төлөө цаг наргүй үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг ТҮК-ийнхан, бүх ажилчдадаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ