/2021.12.20/: Өнгөрсөн 24 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт автомашин шатсан 3 тохиолдол бүртгэгджээ.
Хүйтний улирал ирсэнтэй холбогдуулан иргэд автомашины мотор хэсэгт дур мэдэн шатах материалаар дулаалга хийх болон хөлдсөн автомашиныг асаах зорилгоор галт бамбар болон халуун нурам тавих, техникийн тэр дундаа цахилгааны бүрэн бүтэн байдлын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл жолоодсоноос шалтгаалж сүүлийн үед автомашин шатсан гэх дуудлага ихээр гарч байгаа ажээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Исис, Делика, Приус-20 загварын суудлын автомашинууд шатаж иргэд эд хөрөнгөөрөө хохирчээ.
Иргэд та бүхнийг өөрийн эд хөрөнгийг хамгаалах үүднээс дээрх алхмуудыг хийхгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ