/2021.12.16/ УИХ-ын чуулганы пүрэв гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.
Чуулганаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.Тус хуулийн өөрчлөлтөд иргэний агаарын тээврийн бараа материалыг татвараас чөлөөлөх тухай тусгаж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, "Онгоцны гаалийн татварыг чөлөөлбөл хувийн жижиг оврын онгоцнууд авах уу. Өргөн уудам нутагтай Монгол Улсын хувьд жижиг онгоцнуудыг нэвтрүүлж, хүнд сурталгүйгээр зөвшөөрлийг нь өгч ашиглах хэрэгтэй байна. Зам муу учир автомашины ослоор жилд 500 орчим хүн нас барж байна. Бараг хоёр онгоцны дайтай хүн гэсэн үг.
Ялангуяа эрүүл мэндийн салбарт жижиг оврын онгоц маш чухал. Хүний бие муудахад түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх шаардлага тулгардаг. Хөдөө орон нутгаас хүнд өвчтэй хүн авчрахад нэг нислэг 20 сая төгрөг байна.
Дорнод аймагт тогтмол нислэг үйлддэг байсан. Гэхдээ сүүлийн 2,3 жил явахаа больчихлоо. Энэ чиглэлийн нислэгийг дахиж явуулж өгөөч Зам тээврийн яамныхаан.
"Тамын тавь" гээд нэрлэчихсэн зам дээр чинь онгоцны дайтай хүн нас барлаа. Замаа засаач ээ" гэв.