/2021.12.16/ УИХ-ын чуулганы пүрэв гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.
Чуулганаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тус хуулийн өөрчлөлтөд иргэний агаарын тээврийн бараа материалыг татвараас чөлөөлөх тухай тусгаж байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Иргэний агаарын хөлөг буюу онгоцны сэлбэгийг татвараас чөлөөлөхөд ямар эерэг, давуу талууд бий болох вэ. Энэ хэмжээгээр нислэгийн үнэ хямдарч, нислэгийн тоо олшрох байх гэж найдаж байна.
Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ: Дээрх хуулийг баталснаар хэд хэдэн давуу тал бий болно. Юуны түрүүнд иргэний агаарын тээврийн парк шинэчлэлт нэлээд тулгамдсан асуудал байдаг. Тиймээс ОУ-ын түвшинд энэ асуудлыг ярьж, шинэчлэх боломж бүрдэнэ гэж харж байгаа.
Мөн энэ салбарын хамгийн үндсэн зарчим бол хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа тал дээр илүү их ахиц дэвшил авчрах ач холбогдоно.
Засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж зэрэг энэ салбарт нэлээд дарамт учруулдаг. Хэрэв энэ хууль батлагдвал зардал дор хаяж 10 хувиар буурна. Хэрэв ингэж чадвал зорчигчдынхоо тоог нэмэгдүүлэхээс гадна ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж, нислэгийн тоог нэмэх боломжтой гэж үзэж байна.
Ховд, Увс, Дорнод, Өмнөговь зэрэг аймгийн орон нутгийн нисэх буудлыг олон улсынх болгох зорилт тавьж ажиллаж байна. Энэ жилээс ажил нь эхэлнэ. Жишээ нь Увс аймгаас Кизиль рүү нислэг үйлдэх тал дээр ярилцаж байна.
Цаашид хилийн ойролцоох бүс нутгийн түвшинд нь шууд нислэг хийх боломжтой болно гэж харж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Баян-Өлгий аймгаас Казахстан руу нисэх иргэд маш их байдаг энэ тал дээр түлхүү анхаарвал зүгээр байх. Энэ чиглэлийн нислэг нэн шаардлагатай байна. Энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ.
Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ: Өмнө нь Баян-Өлгийгөөс Казахстан руу нислэг үйлдэж байсан. Одоогийн байдлаар түр горимоор хаачихсан байна. Цаашид ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх тал дээр хил залгаа орнууд руу олон улсын нислэг үйлдэх бүрэн боломжтой гэж үзэж байна.