/2021.12.15/ Хариуцлагатай уул уурхайн үр дүнгийн форум өнөөдөр /2021.12.15/ боллоо. Уг форумд Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөрт нэгдсэн 16 байгууллагын төлөөлөл оролцож хөтөлбөрийн зорилго, хүрэх үр дүн, хөтөлбөрийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацын (МУУҮА) санаачилгаар 2019 онд “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг” боловсруулж, уг кодексийг хэрэгжүүлэх санамж бичигт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг 8 аж ахуйн нэгж нэгдэж байсан бол энэ жилийн байдлаар 16 болон нэмэгджээ. Уг кодекс нь хуульд шаардсанаас давуулж сайн дурын үндсэн дээр хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулах стандарт юм.
Энэхүү хөтөлбөр нь Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс, кодексийг хэрэгжүүлэх заавар, өөрийн үнэлгээ хийх заавар гэсэн 3 баримт бичгээс бүрддэг. Тухайн хөтөлбөрт нэгдэж байгаа байгууллага эхний жилд кодексийг нэвтрүүлэх сургалтад хамрагдах, кодексийн дагуу өөрийн үнэлгээ хийж тайлан гаргах, өөрийн үнэлгээ хийх явцдаа зөвлөгөө авах гэсэн үе шатуудыг дамждаг ажээ. Харин МУУҮА нь кодексийн дагуу гаргасан тайланг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулдаг юм.
Компани хуулиа хэр биелүүлж байгаагаа өөрсдөө үнэлнэ
Аж ахуйн нэгжүүдээс ирж буй үнэлгээний тайлангийн талаар МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Д.Энхболдоос тодруулахад “Одоогоор үнэлгээний тайлангаа 4 аж ахуйн нэгж ирүүлсэн, 8 нь үнэлгээгээ хийж байгаа. Үнэлгээг компаниуд өөрсдөө хийх бөгөөд үнэлгээний тайланд тодорхой дүн тавигддаггүй. Хариуцлагатай уул уурхайн кодекс нь сайн дурын үндсэн дээр явагддаг. Уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг хангах, тэдгээрийн дунд манлайлагчдыг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой. Кодексийг хэрэгжүүлснээр тухайн уул уурхайн компани хууль тогтоомжийн шаардлагыг хэр биелүүлж, хэр нийцэж ажиллаж байна вэ гэдгээ өөрсдөө үнэлэх юм. Хариуцлагатай уул уурхайн үр дүнгийн форум анх удаа болж байгаа бөгөөд одоогоор кодексийг үнэлэхтэй холбоотой ямар нэгэн шүүмжлэл, санал ирээгүй байна” гэлээ.
Р.Ренчиндулам