/2021.12.14/ Ковид-19 халдварын шинэ хувилбар манай хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-д бүртгэгдсэн. Харин манай улсын хувьд одоогийн байдлаар "Омикрон" хувилбарын тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсад шинэ хувилбарыг хэрхэн илрүүлж байгааг ХӨСҮТ-өөс тодруулахад, "Өнөөдрийн байдлаар вирусний генийн дараалал тогтоох шинжилгээг хийхээр ХӨСҮТ дээр бэлтгэл ажлуудыг хангаж байна. Мөн "Омикрон" хувилбарыг илрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг хийж байна" гэсэн юм.
Ташрамд дурдахад, энэ оны гуравдугаар сард ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн 3 судлаач, эрдэмтэн Япон улсын Токио хотын “Халдварт Өвчний Үндэсний хүрээлэн”-д SARS-CoV-2 вирусний бүрэн генийн дарааллыг тогтоох шинжилгээ хийх сургалтад хамрагдахаар тус улсыг зорьж байсан билээ.
Тус сургалт нь Монгол Улс дахь SARS-CoV-2 вирусний шинэ хувилбарын тархалтыг тодорхойлох, вирусний шинэ хувилбараар халдварласан тохиолдолд эмнэлзүйд илрэх шинж тэмдэг, вакцины дархлаа тогтцод үзүүлэх нөлөөг судлах зорилготой юм.