/2021.12.09/
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын батлан хамгаалахын сайд нарын хуралдаанд цахимаар оролцож байна.
Тэрээр:
"НҮБ-ын аюулгүй байдлын аюулгүйн зөвлөлийн эмэгтэйчүүд, энх тайван аюулгүй байдал, 1325 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн албан хаагчдын тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, цаашилбал 15%-д хүргэх зорилт тавин ажиллаж байна."
Уг хуралдааныг Бүгд Найрамдах Солонгос улс, НҮБ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий даяар тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулагдаж байгаа юм.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хуралдаан нь 2014 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн бөгөөд дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, Батлан хамгаалахын болон гадаад харилцааны сайд, олон улсын байгууллагын тэргүүнүүд, эрдэмтэн судлаачид оролцдог. Энэхүү хуралдаан нь НҮБ-ын гишүүн орнууд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны цаашдын зорилгын талаар хэлэлцэх индэр болдгоороо онцлогтой.
Энэ удаагийн хуралдааныг Ази тивд анх удаа зохион байгуулж байгаа буюу дэлхийн 100 гаруй орны төлөөлөгчид оролцож энхийг сахиулах ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй сорилтууд, цаашдын бодлогоо хамтдаа тодорхойлох юм.
Хуралдаанд БНСУ-ын ерөнхийлөгч Moon Jae-in, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Antonio Guterres нар цахим мэдчилгээ дэвшүүлж, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Suh Wook, Гадаад хэргийн сайд Chung Eui-yong нар хуралдааныг нээж үг хэллээ.
Эх сурвалж: Батлан хамгаалахын яам