/2021.12.09/: Швейцарын хөгжлийн агентлагийн санаачилгаар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2017 оноос эхлэн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 16-34 насны залуусын бүтээлч санаа, гарааны бизнест нь дэмжлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Үүний хүрээнд 21 аймаг 9 дүүргийн залуусаас шалгарсан багт 10 сая төгрөгийн санхүүжилт олгодог.
Энэ онд дээрх хөтөлбөрийн хүрээнд Шилдэг стартап залуу, залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдаан зохион байгуулж байна. Шилдгээр шалгарсан багт дараагийн шатны санхүүжилтийг олгох юм. Тэмцээн гурван үе шаттай бөгөөд эхний хоёр үеийг цахимаар зохион байгуулсан. Сүүлийн шатыг танхимаар зохион байгуулж байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, СЭЗИС-ийн доктор, профессор Г.Батхуяг, Startup Marketing Space-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ж.Золзаяа нар шилдэг стартап залуусыг шалгаруулах шүүгчээр оролцож байна.
Шалгаруулалтын нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Монгол Улс бол залуучуудын орон, гэтэл хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээгээр ажил хайгч иргэдийн дийлэнх буюу 32.6 хувь, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 37 хувь нь 25-34 насны залуучууд байгаад анхаарч залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр тодорхой хөтөлбөр, төслүүд хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд шинэ технологи, инноваци бүхий шинэлэг санал, санаачилга гаргаж, аж ахуй эрхлэх төсөл боловсруулсан залуу болон залуучуудын багт эргэн төлөлтгүй санхүүгийн дэмжлэг олгох замаар гарааны компани эрхлэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлж байна.
Энэ оны тухайд улсын хэмжээний шилдэг стартап шалгаруулах анхдугаар уралдааныг нээлттэй зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна” гэв.
Нийслэл хот болон хөдөө орон нутгаас оролцож байгаа 10 багаас шилдэг гурван баг шалгаруулж
1-р байр 20 сая,
2-р байр 17 сая,
3-р байр 13 сая төгрөгийн санхүүжилт олгох юм.
Эх сурвалж: ХНХЯ