EXECUTIVE SUMMIT 2021: Хөгжил өөд тэмүүлсэн ШИНЭ ЦАГИЙН ЗАХИРЛУУД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

EXECUTIVE SUMMIT 2021: Хөгжил өөд тэмүүлсэн ШИНЭ ЦАГИЙН ЗАХИРЛУУД

Цар тахлын үед хувийн аж ахуй нэгж, бизнесийн байгууллагууд багагүй саад бэрхшээлтэй тулгарсан ч үүнд дасан зохицож, хариу арга хэмжээ авах нь маш чухал болохыг ойлгуулсан билээ. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд технологийн салбар урьд өмнө нь байгаагүйгээрээ хурдтай хөгжиж бизнес эрхлэгчид үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсныг цар тахал харууллаа.

Үүнтэй холбоотойгоор Монголын топ 100 компанийн төлөөллүүд оролцсон “EXECUTIVE SUMMIT 2021” үйл ажиллагаа Шангри Ла зочид буудалд амжилттай зохион байгуулагдав.

Арга хэмжээнд компанийн гүйцэтгэх дээд удирдлагын түвшинд ажилладаг 200 гаруй захирал, менежер оролцож өөрсдийн бизнесийг хөгжүүлэх, тогтвортой бөгөөд амжилттай үйл ажиллагаагаа явуулах талаар Монголын томоохон компанийн төлөөллүүдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Их сэргэлт” илтгэлээрээ дамжуулан цар тахлын үеийн шинэ нөхцөл байдалд дасан зохицоход бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоо чухал гэдгийг онцолж байлаа.

Арга хэмжээний үндсэн хэлэлцүүлэг “Бидний хүч-Үндэсний ялгарал” сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Тус хэлэлцүүлэгт Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн захирал Ч.Ганхуяг, Рио Тинто Монгол компанийн захирал Х.Амаржаргал тэргүүтэй хүмүүс оролцов. Хэлэлцүүлгийн онцлох хэсгүүдээс дурдвал,

Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн захирал Ч.Ганхуяг:

-Монгол Улс аж үйлдвэрээ хөгжүүлнэ гэдэг. Гэхдээ энэ зааланд суугаа хүмүүсийн хэд нь хүүхдээ оёдолчин болгоно гэж боддог вэ. Бид гуравхан саяулаа. Өнөөдөр дэлхий дээр хамгийн их ашиг олж, цалин авч байгаа хүмүүс бол технологийн салбарынхан юм.Тиймээс энэ зүйл рүү л Монголчууд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Рио Тинто Монгол компанийн захирал Х.Амаржаргал:

-Монголчуудын ялгарлын тухай ярихын тулд Монгол хүний үнэ цэнэ, ажилд хандаж байгаа түгээмэл хандлагыг тодорхойлох ёстой. Монголчууд бид дүрэм журамд захирагдах дургүй. Урт хугацаанд төлөвлөх чадвар дутмаг. Гэхдээ аливаа зүйлийг маш амархан сурдаг.

Өнөөдөр эдийн засгаа хэрхэн сэргээх вэ, сэргэлтийг яаж мэдэх вэ гэдэг дээр төвлөрөх ёстой. Сэргэлтийн гол утга учир нь дэлхийн эдийн засгийн интеграцид орох явдал юм. Үүний тулд өөрсдийнхөө онцлогийг таньж, дэлхийд өөрсдийгөө таниулах нь чухал. Бизнесийнхэн хамгийн түрүүнд дэлхийн эдийн засгийн даяаршилд оролцох ёстой.

Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал:

Дэлхий улс орнууд өөрсдийн өнгө төрх, бүтээмж, шинжлэх ухаан, хүчтэй эдийн засгаараа ялгарч байна. Монголчууд бид агуу түүхтэй орон. Дэлхий даяар аж ахуйн нэгж амьд үлдэхийн төлөөх үед түүх соёлоор ялгарахад хэцүү. Үүнд маш их хөрөнгө зарцуулагдна. Дэлхийн даяарх өөрчлөлтийн үед бид Монгол хүний оюун ухаан бүтээмжээрээ ялгарах ёстой гэсэн юм.

Панелистуудын зүгээс үндэсний ялгарал, үнэт зүйл, брэндингээ тодорхойлж экспортоо нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцолж байсан юм. Ингэхийн тулд,

  • Монгол Улсын эдийн засгийн нэгдмэл байдлын индекс 40% байгааг цаашид нэмэгдүүлэх
  • Эдийн засгийн сэргэлтийн гол утга учир нь дэлхийн интеграцид нэгдэх
  • Монгол хүний бүтээмжийг нэмэгдүүлэх
  • Зөвхөн ашиг сонирхлын төлөө бус нийтийн сайн сайхны төлөө нэгдэх
  • Соёлыг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
  • Үндэсний үнэт зүйлээ тодорхойлж, үндэсний брэндингээ зөв хийхэд хувийн хэвшлийн манлайлал чухал гэдгийг хэлж байлаа.

Тус үйл ажиллагааны бас нэг онцлох зүйл нь Хүний нөөцийн, Маркетингийн, Санхүүгийн, Гүйцэтгэх захирлуудын хэлэлцүүлэг уулзалт байв.

Тус хэлэлцүүлгээр цар тахлын үед бизнесээ хэрхэн авч явах, хүний нөөц, ажилтнуудтайгаа хэрхэн үр бүтээмжтэй хамтарч ажиллах, технологийг хэрхэн оновчтой ашиглах талаар яриа өрнүүлсэн юм.

Хүний нөөцийн захирлуудын хэлэлцүүлэг, уулзалт:

Хүний нөөцийн салбар бол байгууллагын стратегийг хэрэгжүүлэгч юм. Компани шинэ стратегийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй байгаа ажилтнуудыг Хүний нөөцийнхөн олж, хөгжүүлж, тогтоон барьдаг. Хүний нөөцийнхний нөөц нь ХҮН байдаг.

Маркетингийн захирлуудын хэлэлцүүлэг, уулзалт:

Мөнгө ярьдаг салбарынхан мөнгөнөөс илүү давсан, үнэт зүйлийн талаар ярьж эхэлж байгаа нь энэхүү арга хэмжээний онцлог байлаа. Мөнгөнөөс илүү үнэт зүйлийн талаар агуулгатай ярьж буй брэндүүд дэлхийн брэнд болж чаддаг. Энэ нь нийгэмд сайн сайхныг авчрах эхлэл мөн. Өв соёлоо тээсэн уран бүтээлчдээ дэмжих, брэнд бий болгох хэрэгтэйг захирлууд онцолж байв. Мөн орчин үеийн маркетинг хүний асуудлыг шийдэхэд чиглэгдэж байгаа бөгөөд хамтын үнэ цэнээ бүтээж, хамтдаа хөгжих, бизнесийн ёс зүйтэй контентыг бүтээх нь чухал гэв.

Санхүүгийн захирлуудын хэлэлцүүлэг, уулзалт:

Ковид 19-ийн хямрал компаниудад том боломжийг нээжээ. Үүнийг дагаад бизнесүүд цахимд шилжиж эхэлсэн. Түүнчлэн Ногоон зээл, ногоон санхүүжилтэд компаниуд ямар үүрэгтэй оролцох талаар ярилцсан юм.

Гүйцэтгэтгэх захирлуудын хэлэлцүүлэг, уулзалт:

Тогтвортой хөгжлийг эрхэмлэж бизнес загвараа өөрчлөх, богино хугацааны ашгаас болж урт хугацааны боломжоо алдахгүй байхыг зөвлөсөн юм. Тус хэлэлцүүлгийн онцлох эшлэлүүдээс,

М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр:

Компанийн бодлого төлөвлөлтөд зохицуулалт хийхээс илүүтэйгээр шинэ үеийн хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцэж компаниуд өөрсдийгөө өөрчилж ажиллах хэрэгцээ шаардлага бий болж байна.

UA Properties компанийн үүсгэн байгуулагч, Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагчдын Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирал А.Урангоо:

Шинэ үеийнхэнтэй хэрхэн хамтарч ажиллах тал дээр захирлууд маш сайн бодолцож, хуучны арга барилаас татгалзах нь чухал.

"Чи үүнийг хийх ёстой" гэсэн арга барилыг халж үүний оронд тухайн хүнтэй хамтарч ажиллаж, сургаж, давуу талыг нь хөгжүүлж чадсан компаниуд хүний нөөцөө тогтвортой барьж чадаж байна.

Салбар бүрийн төлөөлөл болох захирал, менежрүүдийн уулзалт нэг өдрийн турш үргэлжилж эдийн засгаа тэлэх, өөрсдийн брэндингийг бий болгож дэлхийн зах зээлд гарах, компаниа урт хугацаанд, хэрхэн амжилттай удирдах талаар ярилцлаа.

Цар тахал компаниудад үйл ажиллагаандаа өөрчлөлт хийх боломж олгосныг ихэнх панелист болон үйл ажиллагаанд оролцсон захирлууд тодотгож байсан юм.

ИХ СЭРГЭЛТ: Монголчууд юугаараа ялгарах вэ?
ИХ СЭРГЭЛТ: Монголчууд юугаараа ялгарах вэ?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.