/2021.12.03/: Онцгой байдлын газрын дуудлагын хоногийн мэдээнд нийт 6 гал түймрийн дуудлага бүртгэгдэж нас барсан 2 дуудлага, автомашины төмөр эд ангид хавчуулагдсан 1 дуудлага бүртгэгджээ.
Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Ноён хонгор” гэдэг газарт спиртний үйлдвэрийн гүний худагнаас хүний хувцас, гутал гарч ирсэн, хүн байх магадлалтай гэсэн дуудлагыг 12.02-ны өдөр иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, 22 км зам туулан 15:00 цагт очиж, /3,5 м гүн устай, 7 м гүн, ашиглалтаас гарсан/ гүний худгийн усыг соруулж, тус сумын харьяат иргэн Х /67 настай, эрэгтэй/-ын цогцсыг гарган Орхон сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт 2 дугаар багийн “Бага богч” гэдэг газар иргэн Ц /45 настай, эмэгтэй/ 11.29-ний өдрийн 14:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12.02-ны өдрийн 11:20 цагт хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид 12.01-ний өдрийн 22:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 12.02-ны өдрийн 11:32 цагт тус сумын Хөлцөөт 2 дугаар багийн Улаан-Үзүүр гэдэг газраас цогцсыг олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст багийн “Энержи 0 цэг” гэдэг газар 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг хүлээн аван тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 11 км замыг туулан очиход тус сумаас Өмнөговь аймгийн чиглэлд нүүрс ачиж явсан иргэн Б.М-ийн “Хьюндай Портер” загварын ачааны автомашиныг иргэн Ч.М-ийн “Хьюндай Портер” загварын ачааны автомашин /2 зорчигчтой, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ыг мөргөж, тус автомашинд зорчин явсан иргэн Э /39 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, 2 хөл хугарсан байсныг 17:35 цагт автомашинаас эсэн мэнд гаргаж, тус сумын сум дундын эмнэлгийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ