/2021.11.29/ ОХУ-ын Засгийн газрын орлогч даргатай хийсэн уулзалт болон цаг үеийн бусад асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгч байна.
Тэрбээр, "Уулзалтаар хэд хэдэн асуудлаар ярилцсан. Тухайлбал, гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх ажил. Мөн төмөр замын салбарыг шинэчлэх, өргөжүүлэх, хүчин чадал, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх тал дээр хоёр тал ярилцаж тохиролцсон. Энэ хүрээнд төмөр замын тарифын асуудал яригдсан. Хоёр улс 2025 он хүртэл үе шаттайгаар тарифын шинэчлэлт хийхээр болсон" гэв.
Мөн тэрбээр Эгийн голын УЦС-ын талаар, "Монгол Улс хөрш орнуудтайгаа эдийн засгийн хувьд харилцан үр өгөөжтэй хамтарч ажиллах бодлого баримталж ирсэн. Энэ хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц бусад эрчим хүчний цогцолборуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх асуудал өргөн хүрээнд яригдсан. Тус усан цахилгаан станцын асуудал урт хугацаанд яригдаж, хэрэгжүүлэх тал дээр ОХУ болон манай улс хоёр харилцан адилгүй байр сууриа илэрхийлсээр ирсэн. Манай талаас дунд болон их оврын усан цахилгаан станцуудыг барьж байгуулах, байгаль орчин экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах зэргээс эхлэн техник, технологийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт хамтрах санал тавьж байна.
Хил орчмын гол горхийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр улс орон бүр байр сууриа илэрхийлдэг. Энэ хүрээнд ОХУ-ын зүгээс "Эгийн голын УЦС-ыг барьсан тохиолдолд байгаль орчинд тодорхой сөрөг нөлөө үзүүлж болзошгүй учир энэ ажилд оролцох эсэхээ шийдээгүй байна" гэсэн хариуг өгсөн. Манай улс ч гэсэн ялгаагүй байгаль орчноо хамгаалах тал дээр анхаарал хандуулж байна. Тиймээс хоёр улс цаашид энэ тал дээр хамтарч судалгаа хийе гэсэн байр суурьтай байгаа" гэв.