/2021.11.29/: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Дэлхийн зөн ОУБ болон Гүүд Нэйборс олон улсын ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж хүүхэд хамгааллын салбарт хамтран ажиллахаар болов.
Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, стратеги болон НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хангахад шаардлагатай эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд бусад талын оролцоо, хамтын ажиллагааг хангах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамгаалал, Өрхийн амьжиргаа ба даван туулах чадавхыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах юм.
Гүүд Нэйборс олон улсын ТББ-тай хүүхэд, гэр бүлийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Хүүхдийн эрхийн хэрэгжилт, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний кэйс менежментийг сайжруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээнд хамтарч ажиллана.
Эх сурвалж: ХНХЯ