/2021.11.24/ Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж салбартай холбоотой бодлого шийдвэр болон хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг шуурхай шийдвэрлэх зорилгоор хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тухайлбал,
- “Лэндмн ББСБ” ХК-ийн хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгон гаргах нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 56,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэхээр шийдвэрлэлээ. Тус компани энэхүү өрийн хэрэгслээрээ дамжуулж нийт 5.6 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлж үндсэн үйл ажиллагаа болох зээл олголтод зарцуулах юм байна.
- Мөн “Говь” ХК-ийн хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй нэг бүр нь 1,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 10,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг өрийн хэрэгслийг биржийн бус зах зээлээр дамжуулан арилжихаар төлөвлөжээ.
Түүнчлэн хуралдаанаар “Омни актив” ХХК, “Нэткапитал актив” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх, “Зайон ассет менежмент” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх, “Пийс капитал” ХХК-д хөрөнгө оруулалтыг зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн юм. Мөн банк бус санхүүгийн гурван байгууллагын хаалттай өрийн бичгийг бүртгэхээр, нэг компанид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор боллоо.
“Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 5 компанид, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд нийт дөрвөн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор, нэг компанийн хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр тус тус шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо