/2021.11.24/ Газрын тос боловсруулах үйлдвэрийн “Устөрөгчийн үйлдвэр”-ийг Италийн “Кинетикс техноложи” компанийн лицензээр байгуулна.
Монгол улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн гүн боловсруулах, патенттай технологийн лиценз эзэмшигчид шалгарч эхэллээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн хэд хэдэн процесс нь устөрөгчтэй орчинд явагддаг учир технологийн процессийг устөрөгчөөр хангах энэхүү байгууламж нь үйлдвэрийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
Хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн сонгон шалгаруулах ажиллагаа, хэлэлцээний үр дүнд Италийн “Кинетикс Техноложи” компанийн лицензитэй байгууламж баригдахаар боллоо. Тус компани нь 30 гаруй оронд салбартай, олон төрлийн технологийн лицензийг зохиогч ба эзэмшигч, дэлхийн газрын тос, байгалийн хийн салбарын томоохон төлөөллийн нэг. Улаанбаатар хотоос Төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, Энэтхэгээс Төслийн менежментийн зөвлөх “Инженерс Индиа Лимитед” компани, Италиас “Кинетикс Техноложи” компаниудын ажил эхлүүлэх цахим уулзалт саяхан боллоо.
“Кинетикс Техноложи” компани нь газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөлтийн эхний үе шатанд “Захиалагчийн инженер”-ийн Зөвлөх компаниар ажиллаж байсан. Найдвартай, итгэл даах түнш гэдгээ батлан харуулсан тус компанитай Монгол улсын хувьд нэн чухал ач холбогдолтой үйлдвэрийг барихад дахин хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг илэрхийлэв. “Кинетикс Техноложи” компанийн дэд ерөнхийлөгч Микель Колоцци, нэр хүндтэй уг төслийн хамтрагчаар дахин ажиллах болсондоо таатай байгаагаа уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь үндсэн технологийн 12 байгууламжаас бүрдэнэ. Атмосферийн болон Вакуум нэрлэгийн, хөнгөн фракцийг ялгах зэрэг гол байгууламжуудаас гадна гадаадын газрын тос, байгалийн хийн салбарын томоохон корпорациудын патенттай, гүн боловсруулалтын 7 байгууламжтай байх юм. Эдгээр 7 байгууламжийн лиценз эзэмшигчдийн дунд сонгон шалгаруулалт явуулж, сонгогдсон компани нь тухайн байгууламжийнхаа зураг төслийг боловсруулна. Одоогийн байдлаар Устөрөгчийн үйлдвэр, Висбрекинг, Хүхэр ялгах байгууламжууд дээр шалгарсан лиценз эзэмшигчидтэй гэрээ байгуулах шатанд ороод байна.