ТАЛИБУУД: Эмэгтэйчүүд телевизийн жүжигт тоглохыг хориглоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАЛИБУУД: Эмэгтэйчүүд телевизийн жүжигт тоглохыг хориглоно

Female Afghan television presenters

/2021.11.24/ Талибын Засгийн газраас тогтоосон шинэ дүрмийн дагуу Афганистанд эмэгтэйчүүдийг телевизийн олон ангит кинонд тоглохыг хоригложээ.

Мөн эмэгтэй сэтгүүлчид болон хөтлөгчдийг дэлгэцээр гарахдаа толгойн алчуур зүүхийг тушаасан ч зааварт ямар төрлийн алчуур хэрэглэхийг заагаагүй байна. Сэтгүүлчдийн үзэж байгаагаар зарим хууль, дүрэм тодорхой бус бөгөөд тэдгээрийг хүссэнээрээ гуйвуулах боломжтой байгаа аж.

Талибанчууд наймдугаар сарын дундуур Афганистаны эрх мэдлийг булаан авсан бөгөөд олон хүн аажмаар хатуу хязгаарлалтад орох нь тодорхой болоод байна.

АНУ болон холбоотнуудын цэргүүдийг гарсны дараа хяналтыг гартаа авсан Исламын зэвсэгт бүлэглэл охид, залуу эмэгтэйчүүдийг сургуульд суралцахыг тэр даруй хорьсон юм.

Афганистаны телевизийн сувгуудаар танилцуулсан Талибын хамгийн сүүлийн удирдамжид найман шинэ дүрэм тусгасан ба үүнд шариатын буюу Исламын хууль, Афганистаны үнэт зүйлсийн эсрэг гэж үзсэн киног хориглох, мөн эрэгтэй хүний ​​биеийн хэсгийг ил гаргаж буй бичлэгийг хориглосон байна.

Мөн түүнчлэн шашин шүтлэг болон афганчуудыг доромжилсон утга бүхий инээдмийн болон зугаа цэнгэлийн шоу үзэхийг хоригложээ.

Талибанчууд гадаадын соёлын үнэт зүйлийг сурталчилсан гадаадын киног цацаж болохгүй гэж шаардаж байгаа шалтгаан нь Афганистаны телевизийн сувгууд голдуу эмэгтэй гол дүрүүдтэй гадаад кино, жүжгүүдийг үзүүлдэг байна.

Афганистан дахь сэтгүүлчдийг төлөөлдөг байгууллагын гишүүн Хужжатулла Мужаддеди хэлэхдээ "Шинэ хязгаарлалт зарласан нь гэнэтийн зүйл байлаа. Зарим дүрэм журам хэрэгжих боломжгүй бөгөөд хэрэгжвэл өргөн нэвтрүүлгийн байгууллагуудыг хаахаас өөр аргагүйд хүрч магадгүй" гэж ВВС-д өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Талибууд охид, залуу эмэгтэйчүүдийг сургуулиас гарч, гэртээ үлдээх тушаал гаргаснаар Афганистаны хүн амын тал хувийг боловсрол эзэмшихийг хориглосон дэлхийн цор ганц улс болсон юм.

Нийслэл Кабул хотын дарга мөн хотын захиргааны эмэгтэй ажилчдыг эрчүүдээр орлуулах боломжгүй тохиолдолд гэрээсээ ажтллахыг зөвлөж байна.

Талибууд ажиллаж буй болон сурч буй эмэгтэйчүүд, охидод тавьсан хязгаарлалтыг "түр зуурын" бөгөөд зөвхөн ажлын байр, суралцах орчныг нь "аюулгүй" байлгахын тулд дээрх хоригыг тавьсан хэмээн тайлбарлаж байгаа юм.

Эх сурвалж: https://www.bbc.com

Г.Отгонтамир: Өдөрт дунджаар 120-150 машинд улсын дугаар авдаг
Г.Отгонтамир: Өдөрт дунджаар 120-150 машинд улсын дугаар авдаг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.