/2021.11.22/ БНХАУ-ын хил хаасантай холбоотойгоор томоохон эмнэлгүүдийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц багасаж, төлөвлөгөөт хагалгаагаа цуцалж байна. Үүнтэй холбоотойгоор Хавдар судлалын үндэсний төвөөс өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.
Бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр, "Өнгөрсөн долоо хоногт төлөвлөгөөт хагалгаанууд хэвийн хийгдсэн. Энэ долоо хоногоос хязгаарлалт хийхээс өөр аргагүй байдалд орж байна. Үлдсэн бараа материалаа гэнэтийн, шаардлагатай хагалгаа, эмчилгээнд нөөцөлж байгаа.
Орлуулах боломжгүй эм эмнэлгийн хэрэгслүүдийн нөөц багасаж байгаа.
Хил хаагдахад Засгийн газраас нарийн ногоо, хүнсний бараа материалыг хамгийн түрүүнд татаж авах талаар ярьж байсан. Шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээ татах асуудлыг ч бас ярьж байгаа гэж найдаж байна. Өнөөдрийн байдлаар ХСҮТ-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гэхдээ хилийн хоригтой холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох өндөр эрсдэл байгаа нь үнэн. Байгаа бүх боломжоо дайчилж, аль болох тасалдал үүсгэхгүй байхаар ажиллаж байна" гэсэн юм.