Малын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар зөвлөлдлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар зөвлөлдлөө

/2021.11.18/: Мал аж ахуйн салбарын оршин тогтнох үндэс болсон бэлчээрийн менежмент, малын чанар, эрүүл мэнд болон “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Дундговь аймагт зөвлөгөөн болж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ХХААХҮЯ, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөнд ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь, газрын дарга Д.Батмөнх, Дундговь Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Дорноговь, Төв, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн төлөөлөл оролцож байна.

Зөвлөгөөний нээлтийн үеэр ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 84,2 хувьтай байгааг дуулгаад энэ жил нийт 169,7 мянган малчид өрхөд 67,8 сая мал өвөлжихөөс 19 мянган өрхийн 8,4 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийсэн талаар мэдээлэл өглөө. Мөн тэрээр “УИХ-аас 2020 оны 11-р сарын 13-ны өдөр “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийг баталж, ковидын нөхцөл байдлын улмаас энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон.

Энэ хууль хэрэгжсэний үр дүнд бий болох хөрөнгийг сум хөгжүүлэх санд төвлөрүүлж Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 60.2.8-д малын тоо толгойн албан татварын орлогыг мал аж ахуйн салбарт зарцуулахаар тусгасан нь бодлого хэрэгжих боломж бүрдэж байна. Иймд малын тоо толгойн албан татварыг сайтар төвлөрүүлж, мал аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд анхаарч, хамтран ажиллахыг хүсье” гэсэн юм.

Зөвлөгөөний үеэр "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн танилцуулга, "Мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт", "Төрөөс бэлчээрийн талаар баримталж буй бодлого", "Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт", "Бэлчээрийн менежментийн талаар хэрэгжүүлж байгаа ажил, шинэлэг шийдлүүд", "Сүргийн эргэлтийг зөв зохион байгуулж, малын чанар сайжруулах тухай", "Орон нутгийн бэлчээрийн менежментийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ" зэрэг өргөн сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, санал солилцож байна.

Өнөөдрийн зөвлөгөөний гол онцлог нь бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын оролцоог нэмэгдүүлэх, нөгөө талаар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх талаар төр, салбар яам, аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурал, төрийн бус байгууллага, боловсролын байгууллага, малчид хамтран санал солилцож, зөвлөлдөж байгаа нь юм.

Дундговь аймгийн хувьд бэлчээр даацаасаа 2-3 дахин хэтэрсэн учир тус аймгийн 15 сумын 150 цэгт хөрс, ус, ургамал, цөлжилт, элсний нүүдлийг багтаасан томоохон хэмжээний судалгаа хийсэн байна. Цаашид энэ судалгааны дүнд үндэслэн дунд, урт хугацааны хөтөлбөр гарган хэрэгжүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр ажиллах юм байна.

Нөгөө талаар, Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилтийн үр дүнд бий болсон хөрөнгө эргээд малчдад зарцуулагдах учир малчид татвараа идэвхтэй төлж байгааг тус аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал хэлсэн юм

Эх сурвалж: ХХААХҮЯ

Алтны ханш инфляцаас үүдэлтэйгээр өсөж эхэллээ
Алтны ханш инфляцаас үүдэлтэйгээр өсөж эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.