/2021.11.18/ Дэлхийн зах зээлд алтны ханш унц тутамдаа 1870 ам.долларт хүрч өссөн нь өнгөрсөн зургадугаар сарын дунд үеэс хойших дээд хэмжээ юм. Голлох эдийн засагтай орнуудад инфляцийн хэмжээ нэмэгдэж байгаа нь ийнхүү найдвартай хөрөнгө оруулалт буюу алт руу хошуурахад нөлөөлж байна.
Цаашид үнэт металууд буюу алт, мөнгөний ханш үргэлжлэн өснө гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.
Эх сурвалж: investing.com
Хамгийн сүүлд аравдугаар сарын дүнгээр АНУ-ын хэрэглээний үнийн индекс 6.2%-д хүрсэн нь шинжээчдийн тооцоолсноос өндөр гарсан төдийгүй 1990 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн дээд хэмжээ болсон байна. Ийнхүү АНУ-д инфляц өндөр гарахад шатахуун, хүнсний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Нөгөөтэйгүүр нийлүүлэлтийн саатал, ажиллах хүчний хомсдол зэрэг нь барааны үнэ өсөх шалтгаан болж байгаа ажээ. UBS банк 2022 оны эхэн үе хүртэл тус улсад инфляц үргэлжлэн нэмэгдэж болзошгүй байгаа нь алтны ханшийг улам бүр өсгөх дүр зургийг тодруулж буй талаар тайлбарлажээ.
Цаашид алтны ханш хэрхэх эсэх нь АНУ-ын Холбооны нөөц ямар бодлого баримтлахаас ихээхэн хамаарч байна. Инфляцийн өсөлтийг хазаарлах зорилгоор Холбооны нөөц бодлогын хүүгээ өсгөх эсвэл бондын худалдан авалтаа бууруулах тохиолдолд алтны ханшид дарамт болж үйлчлэх юм. Энэ сараас эхлэн АНУ-ын төв банк бондын худалдан авалтаа аажмаар бууруулахаа мэдэгдсэн. Улмаар ирэх оны дунд үе гэхэд бондын худалдан авалтаа бүрмөсөн зогсоох төлөвтэй байгаа юм.
Харин бодлогын хүү өсгөх тухайд Холбооны нөөц яарахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд өсгөх тохиолдолд ирэх оны хоёрдугаар хагаст ийм алхам хийж магадгүй байгаа ажээ.