Хамт уулзаж суусан хүн маань эерэг гарсан гэдгээ маргааш нь мэдэгдсэн юм. Тэр үед би хоёр тунтай байсан болохоор нэг их юм бодоогүй. Тэгээд ч ямар ч шинж тэмдэг илрэхгүй нэлээд хэд хоночихсон. Тэр үе гэдэг нь аравдугаар сарын эхээр л дээ.
Тусаагүй л юм байх гэж бодоод ажлаа хэвийн үргэлжлүүлж, 5 хүнтэй уулзсан.
Гэтэл долоо дох хоногийнхоо өглөө түргэвчилсэн тестээр үзтэл эерэг гарсан. Гэрийнхэн маань хоёр тунтай байсан болохоор бүгд туссан. Харин хүүхдүүд туссангүй. Гэрийнхэн ч яахав гэхэд халдвартай байсан үедээ уулзсан 5 хүндээ их санаа зовсон. Хүн ер нь халдвар авангуутаа өөрийгөө бодохоос өмнө бусдад халдвар тараасан болов уу гэж их санаа зовнидог юм байна лээ.
Гэтэл нөгөө таван хүний маань нэг нь ч тусаагүй гэнэ. Сонирхоод асуутал тэр хүмүүсийн гурав нь III дугаар тунгаа хийлгэчихсэн хүмүүс байжээ. Хоёр нь өвдөөд эдгэсэн.
Дээрхийг гэхдээ гурван тунгийн хүч гэж нэг их ойшоосонгүй. Удалгүй хамт ажилладаг хүмүүс маань гуравдугаар тунгаа хийлгэж эхэллээ. Ний нуугүй ярилцдаг хамт ажилладаг хүн маань “Өнгөрсөн долоо хоногт хамт шоудсан залуу эерэг гарчээ. Би тэгсэн зүгээр. Бүр маск ч байхгүй хамт шоудсан шүү дээ. Гуравдугаар тунгийн л ач байх” гэлээ.
Хоёр дох удаагаа бүүстер тунгийн ач тусын талаар сонссон маань энэ. Найзын маань ээж халдвар авлаа. Гурван тунтай найз маань ээжийгээ асарч тойлсон ч халдвар авсангүй.
Энэ бүхний эцэст бодлоо. Гуравдугаар тун үнэхээр хүчтэй юм биш үү? Халдвар аваад эдгэснээсээ хойш эргэлзсээр сар гаруй болсон би гурав дах тунгаа хийлгэхээр шийдлээ. Эргэлзэж явсаар дахин халдвар авбал яана гэхээс яс хавталзаж байна. Мэдээж гурван тун хийлгэсэн ч дархлаагаа сайн байлгаж, ажил амралтаа зохицуулж, халуун хоол цай идэж уухыг эрхэмлэх нь зүйтэй билээ.