/2021.11.13/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарын гол үйлдвэрлэгч "ДЦС-3" ТӨХК, "ДЦС-4" ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил, өргөтгөл шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх үйл явцтай танилцлаа.
Энэ үеэр тэрбээр Ховд аймагт баригдах Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын талаар мэдээлэл өгсөн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 22-ны хуралдаанаар олон жил саатсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Уг станц ашиглалтад орсноор баруун бүс болон Алтай, Улиастайг дотоодын эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болно" гэв.
Мөн тэрбээр, Арваннэгдүгээр сарын 9-нд ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустинтай утсаар ярьж "ДЦС-3"-ын өргөтгөлийн төслийн талаар санал солилцсон. ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж хамтран ажиллаж байна. Манай улсын эрчим хүчний салбартай хамтын ажиллагааны туршлагатай ОХУ-ын Интер РАО-Экспорт компани ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан манай талд ирүүлэхээр тохиролцсон. ТЭЗҮ-г үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн асуудлыг 2022 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн" гэсэн юм.
Эх сурвалж: zasag.mn