/2021.11.13/ ОХУ-ын хоёр цэргийн алба хаагч Беларусь улсад хамтарсан сургуулилт хийх үеэрээ амь үрэгджээ.
Тодруулбал, шүхрээр буух сургуулилтын үеэр гэнэт хүчтэй салхи салхилсан байна. Үүний улмаас гэрээт хоёр цэргийн алба хаагчийн шүхэр ажиллагаагүй болж хүнд бэртэл авчээ.
"Тухайн цэргүүдийг орон нутгийн эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэж, шаардлагатай бүх тусламжийг үзүүлсэн боловч хоёулаа хүнд бэртэлтэй байсны улмаас нас барсан" гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Өөр нэгэн цэргийн алба хаагч тухайн хоёр цэргийг аврах гэж оролдсон боловч чадаагүй байна.
Осол арваннэгдүгээр сарын 12-нд Гродно мужид байрлах Агаарын цэргийн хүчний ангийн сургуулилтын үеэр болсон бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Тус сургуулилтад Оросын цэргийн тээврийн нисэхийн Ил-76 онгоц, Беларусийн Агаарын болон Агаарын довтолгооноос хамгаалах хүчний нисдэг тэрэгнүүдийг дайчлан 250 орчим хүн оролцож байжээ.