Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн талаар ХЭҮК-ийн хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Өнөржаргалтай яриа өрнүүллээ.
Малчин эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн асуудлаарх ярилцлагыг mpress.mn сайт хүргэсэн билээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрх хэрхэн зөрчигдөж байна вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бэлгийн идэвхгүй амьдралтай гэж таамаглан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагагүй хүмүүс гэж ойлгох нь элбэг. Гэвч энэ бол маш буруу ойлголт юм. Иймд тэдний нөхөн үржихүйн эрхийг хөгжлийн бэрхшээлгүй хүний нөхөн үржихүйн эрхтэй яг ижил хэмжээнд хүндэтгэх ёстой юм. Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүд өөрийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн талаар бие даасан шийдвэр гаргаж чаддаггүй бөгөөд бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөмтгий байдаг. Нэн ялангуяа тэдний дунд хүчээр үр хөндүүлэх, жирэмслэлтээ таслуулах, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийг хүчээр хэрэглүүлэх явдал түгээмэл байгааг НҮБ-ын Хүн амын сангийн тайланд дурдсан байдаг.
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд хэрэгцээндээ нийцсэн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө авч чадахгүй байна.
Жирэмслэлт, үр хөндөлтийн тал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүнд тулгардаг нэг асуудал байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ураг тээнэ гэдэг хүндрэлтэй. Гэвч тэдгээр хүмүүс хүсвэл жирэмслэх эрхтэй. Гэтэл эдгээр хүмүүст жирэмслэлтээс хамгаалах тариа хийдэг. Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээний журам, өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг илрүүлэх асуумжид "Сэтгэц мэдрэлийн эмгэгтэй жирэмсэн эмэгтэйг өндөр эрсдэлтэй жирэмсэн гэж үзнэ" гэж заасан. Гэвч үүнийг харгалзахгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй л бол ямар ч ялгаагүй гэж үзэн бүгдийг нь "Өндөр эрсдэлтэй" гэж ойлгоод жирэмслүүлэхгүй байх, жирэмсэлсэн тохиолдолд тухайн хүнийг буруутгаж зүй бус харилцах, жирэмслэлтийг таслан зогсоох, өөрт нь хэлэлгүй үрийн сувгийг нь боох, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийг тогтмол хэрэглэхийг шаардах, "Нийгмийн халамжийг чинь олгохгүй шүү" гэх мэтээр дарамт шахалт үзүүлэх нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн маш том зөрчил.
-Ямар харгис явдал вэ?
-Тийм. Ерийнхөөдөө хөгжлийн бэрхшээлийн төрөл хэлбэрийг ялгах ёстой. Хүмүүст энэ талаар таниулж, мэдээллэх хэрэгтэй. Чухамдаа энэ төрлийн мэдээлэл хангалтгүй байгаа учраас л энэ мэтээр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал бий болж байна.
-Зөрчлийн бодит жишээ танд байна уу?
-Нэгэн аймагт амьдардаг тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас жишээ татья.
Уг эмэгтэй 38 настай. 18 настай охинтой. Саяхан хоёр дахь амьдралаа эхлүүлсэн боловч жирэмслээгүй. Тэрбээр ярихдаа, "Нөхөр маань хүүхэд нэхээд, жирэмслэхгүй болохоор эмчид үзүүлтэл үрийн сувгийг минь анхны хүүхдээ төрүүлэх үед боосон байна гэж хэлсэн. Учрыг лавлатал өмнөх нөхөр маань ээжтэй ярилцаад шийд гаргасан, надад хэлээгүй байсныг саяхан мэдсэн. Би нөхөртөө энэ байдлаа хэлж чадахгүй, цаашид яахаа мэдэхгүй байна" гэсэн.
Тухайн хүнд хэлэлгүйгээр үрийн сувгийг нь боох явдал бол нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийг зөрчсөн маш том жишээ юм.
-Манай улс энэ чиглэлийн ямар конвенцуудад нэгдсэн бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хүндлэх, хамгаалах чиглэлээр олон улсын байгууллагууд хамтран ажилласны үр дүнд 2006 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцыг баталсан. Энэ конвенцод нэгдэн орсон гишүүн улс орон бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн эрх болон бусад эрхийг дэмжих үүрэгтэй.
-Төрөөс анхаардаггүй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд тулгардаг ямар асуудлууд байдаг вэ?
-Жирэмслэлт, төрөлт, төрсний дараах эрүүл мэндийн тусламж, үйлчигээ, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө зэрэг нөхөн үржихүйн үндсэн тусламж нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд бусад эмэгтэйчүүдийн адил чухал байдаг. Гэхдээ тэдний онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээ үзүүлэх орчин, зохион байгуулалт Монгол Улсын хэмжээнд хүртээмжгүй, хангалтгүй байна.
Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэх туслах ажилтнууд манайд бараг байдаггүй. Тухайн иргэдэд нууцлалын асуудал маш чухал байдаг. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс заавал асран хамгаалагч, гэр бүлийнхэнтэйгээ эмнэлгээр үйлчлүүлэх шаардлага тулгарч хувийн нууцаа задлах нөхцөл байдалтай тулгардаг. Тухайн хүнд гэр бүлийнхэндээ мэдэгдмээргүй байгаа жирэмслэх, үр хөндүүлэх зэрэг асуудал байж болно шүү дээ. Үүний оронд тухайн эмнэлэгийн туслах ажилтан тулгуур эрхтэн, хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн өмнөөс бүх зүйлийг нь зохицуулах үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй. Түүнчлэн дээрх хүмүүсийн нууцыг хадгалах нь тухайн хүнд ч гэсэн сэтгэл ханамжтай байдлыг бий болгоно.
21 дүгээр зуунд энэ төрлийн үйлчилгээг манайд зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай байна. Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх туслах ажилтныг бэлтгэдэг юм байна лээ. Харин манайд ийм үйлчилгээ байхгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн асуудал хөндөгдөх, эмнэлэгт хандахаас зайлсхийх тохиолдлууд маш их байдаг.
-Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээллийг хэрхэн авдаг талаарх танай судалгааны дүн ямар гарсан бэ ?
-Манай судалгаанд нийт 300 хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй хамрагдсан. Судалгаанд оролцогчдын 84 хувь нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээллийг найз нөхөд, гэр бүлийн гишүүд, интернэтээс авдаг гэсэн тооцоо гарсан. Харин 16 хувь нь эмч мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авдаг гэж хариулсан. Мөн давхардсан тоогоор тэдний 51 хувь нь энэ төрлийн мэдээллийг телевизээс авдаг гэжээ. Гэтэл телевизүүдийн мэдээлэл нь харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй бус байгааг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн холбооноос 2015 онд Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжид дурдсаныг анхаарах хэрэгтэй.
ХЭҮК-оос хийсэн судалгааны ярилцлагын хэсгээс тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас:
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн наад захын асуудал болох сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй байх, цагаан юм ихээр гарах үед хэрхэх талаар зөвлөгөөг өрхийн эмнэлгээс хангалттай авч чаддаггүй. Миний хувьд интернэт, гүүгл ашиглаж л энэ төрлийн мэдээлэл авдаг. Гэтэл авч байгаа мэдээлэл үнэн зөв эсэх нь маш эргэлзээтэй. Би ингэж мэдээлэл авч байхад оюуны, харааны бэрхшээлтэй хүмүүс бүр л хэцүү байдаг байх.
-Бодлогоор тэдний асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Манайх цахим үндэстэн болох зорилт тавьж ажиллаж байгаа шүү дээ. Үүнтэй уялдуулж болох ямар шийдлүүд байна вэ?
-Юун түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болох ёстой. Тухайн хүн мэдээллийн сангаараа дамжуулан эмнэлэгт үзүүлэх, төрийн байгууллагаар үйлчлүүлэх, сургалт семинарт хамрагдахад илүү амар байх болно. Мөн эмнэлгийн байгууллагад очиход тухайн хүний хувийн мэдээллийн санд үндэслэж шийдвэр гаргах бололцоотой болно гэсэн үг юм.
Дараагийн асуудал гэвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тохирох хэрэглэгдэхүүнээр хангах маш чухал. Тухайлбал, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн төрөх тохиолдолд зориулалтын төрөх ор шаардлагатай байдаг. Энэ нь сонсголын, харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд ч мөн өөр өөр байна.
Цаашилбал аймаг, сумын эрүүл мэндийн байгууллага нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой мэдээ мэдээллийг хүртээмжтэй байлгах тал дээр анхаарч сургалт зохион байгуулдаг байх шаардлагатай. Мөн эдгээр хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх тал дээр сургалтын ажил хийх хэрэгтэй.
Хүний эрхийн Үндэсний комиссоос хийсэн "Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх" судалгааны тайлангуудын эмхэтгэлийн зарим ярилцлага:
Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага 18: Анх 20 настайдаа найз залуутай болж байсан. Энэ үед аав ээж хоёр маань "Чам шиг хүн хүнтэй суудаггүй юм аа. Хүүхэд ч гаргаж болохгүй. Чи зүгээр л гэртээ бай" гэж загнаж, найз залуутайгаа уулзахыг хорьдог байсан. Удалгүй би жирэмсэн болж энэ тухайгаа аав ээждээ хэлэхээс айж, найз залуудаа хэлтэл "Чамаас эрүүл хүүхэд төрөхгүй, авахуул" гэсэн. Маш их цочирдсон ч хүүхдээ гаргана гэж зориглож байтал хүүхэд маань 4 сартайдаа зулбачихсан. Дахиж би ерөөсөө жирэмслээгүй. Миний амьдралаас туршлагаас харахад хөгжлийн бэрхшээлтэй охидод эцэг эхийн дэмжлэг их хэрэгтэй юм байна лээ. Тэр үед аав ээж маань намайг дэмжиж ойлгосон бол гэж боддог"
Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага 15:
Жирэмслээд өрхийн эмч дээрээ ирэхэд “Чи хаяг дээрээ байдаггүй биздээ. Яг хаана амьдарч байгаа вэ, тэндээ л эмчийн хяналтад ор, чамайг жирэмсний хяналтад авахгүй, чи бол эрсдэлтэй жирэмсэн. Ямар нэгэн юм болчихвол би хариуцлага хүлээхгүй” гэж хэлээд татгалзсан.
Оюуны бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага 16: Эмч нар жирэмслэхийг хориглодог. Тиймээс 5 сартай болох хүртлээ эмч нараас нуусан. Эмч нарын зөвлөгөөнөөр орох өдөр жирэмсэн гэдгийг мэдээд үр хөндөлт хийлгэхийг ятгасан. Татгалзсан чинь тэд тал талаас гар бариад би цочролд ороод ухаан алдсан. Сэрэхэд үр хөндүүлж, үрийн сувгийг минь боосон байсан. Үүгээр зогсохгүй гэр бүлийнхэнд маань хүлээлгэж өгөхдөө "уналт таталтын эмийг нь сайн уулга" гэсэн бичиг энгэрт томоор бичээд гаргасан. Маш их цочирдсоны улмаас тухайн үед миний ухаан санаа хагас байсан.
Оюуны бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага 19: Гэртээ ээж, аав, хүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар ээжээсээ сонсож байсан. Хүчээр үеэлтэйгээ бэлгийн харилцаанд орсон. Энэ тухайгаа аав, ээждээ хэлсэн ч аав дүүгээ загнаад л өнгөрсөн. Бид нар дүүгийнхтэй нь нэг хашаанд хамт амьдардаг. Тухайн үед цагдаад хэлээгүй өнгөрсөн. Нэг хашаанд байдаг болохоор дахиад хүч хэрэглэх вий гэхээс их айдаг. Хааяа жорлон орох гээд явж байхад "сэмхэн манайд ороод ир" гээд чирээд байдаг. Согтуу үедээ мессэж бичиж "гараад ир" гэх зэргээр айлгадаг.
Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага 20: Ээж, аав гадагш гарах болоод намайг нэг танихгүй ахаар харуулсан. Тэр ах намайг хүчирхийлсэн. Энэ тухай аав, ээждээ хэлснээс хойш аав намайг 3 удаа хүчирхийлсэн. Аав ээжийг зоддог болохоор би ээжид энэ тухай хэлээгүй.
Одой эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага 21: Би гадуур гарахдаа байнга такси хөлсөлж явахаас өөр аргагүй байдаг. Манай нутгийн зүс мэдэх жолооч нэг удаа гэрт минь буулгалгүйгээр аваачиж хүчирхийлсэн. Би “Цагдаад хэлнэ” гэхэд... тэр хүн “Тэг тэг ... цагдаа нар чам шиг хөгжлийн бэрхшээлтэй хүний үгэнд итгэхгүй, миний үгэнд илүү итгэнэ. Би чамайг өөрөө дагаж явсан гэж хэлнэ” гэсэн. Олон хоног бодсоны эцэст хэнд ч хэлэхгүй байхаар шийдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй төрж ээж аавыгаа зовоочхоод дахин муухай хэргээр нэрийг нь гутаагаад яахав гэж бодсон. Би тэр явдлаас хойш эрэгтэй хүнд итгэхээ больсон.
Дээрх судалгаа шинжилгээнд тулгуурлан Хүний Эрхийн Үндэсний комиссоос дараах саналыг гаргажээ.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССООС МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААР
ШИЙДВЭР ГАРГУУЛАХААР ӨГСӨН САНАЛ
- Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийин нэгдсэн сан бий болгох, мэдээлэл тогтмол цуглуулах тогтолцоог ажиллуулах, судалгаа, мэдээллийг шийдвэр гаргахад ашиглах
- Эмнэлэгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтны сургалтын хөтөлбөрийн багцад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, нийгмийн загварын тухай сургалтыг оруулж, үе шаттай зохион байгуулах
- Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад нөхөн үржихүйн зөвлөгөө, мэдээллийг бүх хүнд хүртээмжтэй хүргэх нөхцлийг бүрдүүлэх, нөхөн үржихүйн кабинет, төрөх тасгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгжцээнд нийцүүлэн тохирох хэрэглэгдэхүүнээр хангах
- Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй дүрэм, журмуудад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн үржихүйн эрхийн зохицуулалттай нийцүүлэх