/2021.10.29/ Ч.Сайханбилэгийн хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрээр: АНУ-д байгаа иргэн Ч.Сайханбилэгийн яриаг сонссон. Их л сандарсан хүний яриа байсан. Нэг тийм ядмагхан, өөрийгөө өмөөрсөн хүний яриа байна лээ. ЗГ-ын ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээ, Оюутолгойн төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаад зургаан сар болж байна.
Ч.Сайханбилэгийн ярьж байгаагаар найман жилийн өмнө их л үр өгөөжтэй төсөл эхлүүлсэн гэж ярьсан. Би үүн дээр яг түүний эсрэг байр суурьтай байдаг. Дубайн гэрээ нь Оюутолгой төслийн үр өгөөжийг эрс дордуулсан олон заалтаас бүрдсэн гэрээ юм.
Тухайлбал: Ил уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.1 тэрбум ам.доллараар хэтрээд байсныг хүлээн зөвшөөрсөн. Яагаад тухайн үед зардал хэтрээд байхад хөндлөнгийн аудит томилуулж өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсгэж, Арбитрт маргаан үүсгээгүй юм?
Татвартай холбоотой өнөөдрийн маргааны эхлэлийг тэнд тавьсан. Өөрөөр хэлбэл ААН-ийн орлогын албан татвартай холбоотой маргааныг хүлээн зөвшөөрсөн.
Бид энэ болгоныг засах гэж хичээж байна. Иргэн Ч.Сайханбилэгт хэлэхэд харийн компанийн ПР, маркетинг хийж суухаар, эх орондоо ирж энэ төслийн Монголчууддаа үр өгөөжтэй болгох тал дээр санаагаа чилээгээсэй гэж хүсэж байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулахад бид маш их хичээж ажиллаж байна. Энэ төслийн үр өгөөжийг иргэдэд хүртээх зорилготой.
Төслийн үр өгөөжийн 53-аас дээш хувь Монголчуудад, 47 хүртэлх хувь нь хөрөнгө оруулагч талд байх ёстой гэх зарчмыг баримталж гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлж байна.
Цаашид хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж үр өгөөжийг нэмэгдүүлэх бодит алхамыг хөрөнгө оруулагч тал хүлээж авахгүйгээр энэ хэлэлцээр цаашдаа үргэлжлэхгүй гэх байр суурийг бид хэлж байгаа.
Одоогийн байдлаар Ч.Сайханбилэг нь АНУ-д байгаа гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой байгаа. Түүнийг интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хувьд хууль шүүхийн байгууллагаар шударгаар шалгуулах нь зүйтэй гэж үздэг.