2021.10.29/: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны аравдугаар сарын 29-ний өдөр Израил Улсын Гадаад хэргийн сайд Яир Лапидтай утсаар ярьж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Монгол Улс, Израил Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан бие биедээ баяр хүргээд, цаашид хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлов.
Сайд Б.Батцэцэг энэхүү 30 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд, энэхүү ололт амжилтаа бататган Израилийн тэргүүлэх салбарууд болох инноваци, дэвшилтэт технологи, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн хоёр улс дахь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, хүн амаа вакцинжуулах аяныг амжилттай өрнүүлж, вакцины 3 дахь тунд хамруулан, хэвийн амьдралдаа шилжиж байгаа талаар ярилцав.
Эх сурвалж: ГХЯ