/2021.10.29/ Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Өнөөдрийн байдлаар хүн амын 65 гаруй хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Мөн гуравдугаар тунд 400 гаруй мянган иргэн хамрагджээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд, "ЭМЯ-наас Ковид-19 халдварын эсрэг эм, биобэлдмэдийн нөөцийг тодорхой хэмжээнд бүрдүүлсэн. Гэхдээ ковид-19-өөс гадна бусад эм хангамжийн нөөц буурч байна гэсэн мэдээлэл ирсэн. Монгол Улс хилийн дөрвөн боомтоор эм татан авдаг. Тодруулбал, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар болон олон улсын агаарын тээврээр оруулж ирдэг. Дийлэнх хувийг Замын-Үүдийн боомтоор татан авдаг ч хил хаасантай холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж тасалдах нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс ЭМЯ-наас ГХЯ болон УОК-той хамтран эм, эмнэлгийн хэрэгсэл бусад бараа бүтээгдэхүүнийг чөлөөтэй нэвтрүүлэх боломжыг хайж байна" гэв.
Түүнчлэн тэрбээр, Хоёрдугаар тунд хамрагдаад ковид туссан иргэд 21 хоногийн дараа нэмэлт тунд хамрагдаж болно. Харин бусад иргэдийн хувьд хоёр тунгаа хийлгэснээс хойш 3 сарын дараагаар гуравдугаар тунг хийлгэж болно" гэлээ.
Хүйтний улирал ойртож байгаатай холбогдуулан томуугийн дэгдэлт нь нэмэгдэж байна. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ барьж, амны хаалтаа маш сайн зүүх хэрэгтэй гэдгийг ЭМЯ-наас зөвлөлөө.