/2021.10.20/: Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад элссэний жаран жилийн ой 2021 онд тохиож байна.
Ойн арга хэмжээний хүрээнд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд нийслэлийн Байгаль орчны газартай хамтран Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянзүрх Хайрхан уулын Цагаан Гүүтийн амны хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн, хууль бус мод бэлтгэл болон бусад сөрөг нөлөөлөлд өртсөн ойн сангийн 15 га талбайд өөрийн хөрөнгөөр ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр төлөвлөн намрын мод тарилтаар 1 га талбайд ойн төгөл байгуулав.
Мод тарих үйл ажиллагаанд НҮБ-ын Суурийн зохицуулагч Тапан Мишра, Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Мөнхжин, ДЭМБ-ын Суурийн төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хүүхдийн сангийн тэргүүн Спэшиос Хакизамана, БОАЖЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга М.Тулга, нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр, Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа, Гачуурт хэсгийн байгаль хамгаалагчид, ахмад дипломатууд, ГХЯ, НҮБ-ын хамт олон оролцож 2600 ширхэг мод тарилаа.
Мөн ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажлыг ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй "Ногоон тургалиг" ХХК 3 жилийн хугацаанд гүйцэтгэнэ.
Эх сурвалж: НБОГ