/2021.10.14/ Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX: ERD | MSE: ERDN) нь Монголын Хөрөнгийн Бирж дээр 5 сая ам.доллартай тэнцэх энгийн хувьцаа гарган, 1,867 Монголын мэргэжлийн болон хувийн хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлж, анхдагч зах зээлийн захиалга даван биелжээ.
Санхүүжилттэй холбоотойгоор Компани нь нэгж бүрийг 815 төгрөг (C$0.36)-өөр үнэлэн 17,484,662 ширхэг энгийн хувьцааг гаргасан нь ойролцоогоор 5 сая ам.доллартай тэнцэнэ.
Энэхүү санхүүжилтийн тэргүүлэх андеррайтераар БиДиСек ҮЦК, хамтрагч брокероор Мандал Капитал Маркетс ҮЦК, Таван Богд Капитал ҮЦК нар ажиллав. Энгийн хувьцааг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бэлтгэсэн үнэт цаасны танилцуулгын хүрээнд гаргасан. Компани нь андеррайтеруудад нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 7%-ийн шимтгэл төлжээ.
Санхүүжилтийн захиалга нь 46%-иар даван биелсэн боловч хувь тэнцүүлэн, гаргах энгийн хувьцааны тоог 17,484,662 ширхгээр хязгаарласан байна.
- Хөрөнгөө юунд зарцуулах вэ -
Эрдэнэ Ресурс нь татан төвлөрүүлсэн хөрөнгийг Компанийн 100% эзэмшдэг Баян Хөндий алтны төслийн хөгжүүлэлт, Улаан болон Хар Морь алтны нээлтүүдийг нарийвчлан тодорхойлох, Хөндий алтны дүүргийн нэмэлт хайгуулын хөтөлбөрүүд болон захиргаа, эргэлтийн хөрөнгөнд зарцуулна.