/2021.10.13/ Норвеги улсын нийслэл Осло хотод зохиогдсон Осло-2021 чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.
Тамирчид энэ удаагийн тэмцээнээс нийт 6 хүрэл медаль хүртсэнээс 3 медалийг "Хилчин" спорт хорооны тамирчид авчирсан юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Хилчин” спорт хорооноос
- 79 кг-д Б.Бат-Эрдэнэ,
- 125 кг-д М.Лхагвагэрэл,
- 55 кг-д Э.Сумъяа,
- 57 кг-д Э.Даваачимэг,
- 62 кг-д Э.Гантуяа,
- 76 кг-д Н.Загардулам гээд нийт 6 тамирчин оролцсон юм.
Дэлхийн аваргын тэмцээнд оролцсон баг тамирчдыг Хилчин спорт хороо, Хилийн 0208 дугаар тусгай салбарын удирдлага хамт олон угтан хүлээн авсан юм.
“Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл Монголын багийн анхны хүрэл медалийг авчрахын зэрэгцээ Монголын чөлөөт бөхийн түүхэнд дэлхийн дэвжээнээс хамгийн хүнд жингийн анхны медалийг авчирчээ.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ОУХМ Э.Гантуяа Монголын баг тамирчдын гурав дахь хүрэл медалийг хүртсэн. Харин “Mongolia Open” ОУТ-ий дөрвөн удаагийн аварга ОУХМ Э.Даваачимэг Олимпын жин болох 57 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж, тус жинд Монгол Улсаас медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болсноороо онцлог байлаа. Ийнхүү “Осло-2021”-д оролцсон хилчин тамирчид 3 хүрэл медаль хүртэж, монголын чөлөөт бөхийн түүхэнд 2 шинэ амжилт гаргалаа.