/2021.10.13/ Чойрын чиглэлийн замаар хүнд даацын машинаар тээвэр хийхийг хориглох тухай ЗТХ-ийн сайд Л.Халтарын гаргасан тушаалыг эсэргүүцэж тээвэрийн жолооч нар гурав дахь өдрөө жагсаж байна.
Тус чиглэлийн нүүрс тээврийн замыг энэ сарын 20-ноос зогсоох юм.
Жолооч Н.Ялагдашгүй, "Л.Халтар сайд Гашуунсухайт дээр үүсээд буй тээвэрчдийн нөхцөл байдлыг эрүүл мэндийн сайд руу чихчих шиг боллоо. Энэ салбарыг хариуцсан сайд нь ингэж хэлж байгаа нь эмгэнэлтэй байна. Битүүмжлэгдсэн тээврийн зохион байгуулалтыг бөмбөлөг гэж нэрлээд байгаа. Зарим бөмбөлөг нь 7 хоногт 3 хэрээс явж байхад, зарим нь гурван сар болоход нэг ч яваагүй. Жолооч нар нэг өдрийн хоол, байрны мөнгөнд 130 мянган төгрөг төлж тусгаарлагдаж байна. Сэтгэл санаа, эрүүл мэнд, эдийн засгийн хувьд их хэмжээний хохирол амссан залуучууд цөхөрч, аргаа бараад цагдаа нартай мөргөлдөж эхэллээ.
Бидний зүгээс оочер дарааллын системээ ил тод болго гэж шаардаж байна. Дарга нарын машин дараалал харгалзахгүй, оочер дайрдаг байдлыг зогсоох хэрэгтэй. Хоёрдугаарт, ажлын байрны дарамт үзүүлдэг, авлигал нэхдэг байдлыг болиулхыг шаардаж байна" гэв.