/2021.10.13/ Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр дэлхий нийтээр 2009 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилго нь Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд чиглэгддэг.
Энэ жилийн хувьд хөгжиж буй орнуудыг дэмжих чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг уриалсан Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн зорилт “Е” буюу “Хөгжиж буй орнуудад 2030 он хүртэл Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагаагаа зохион байгуулахад зохистой, тогтвортой дэмжлэг үзүүлэх замаар олон улсын хамтын ажиллагааг бодитойгоор нэмэгдүүлэх” гэсэн зорилтын хүрээнд “ONLY TOGETHER …. CAN WE SAVE THE PLANET!” буюу “Зөвхөн хамтдаа… бид эх дэлхийгээ аварч чадна” гэсэн уриан дор тэмдэглэж гэж байна.
Тус өдрийг ард иргэдэд сурталчилан таниулах үүднээс төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагууд иргэдэд зориулсан шат шатны сургалтуудыг зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, “Өсвөрийн аврагч” хүүхдүүдийн дунд эсээ бичлэг, гар зургийн уралдаануудыг зарлаж, нээлттэй өдөрлөг, айл өрхүүдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан “Зөвхөн хамтдаа… бид эх дэлхийгээ аварч чадна” гэсэн уриалгыг хүргэж байна.
Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах нь иргэн, хувь хүнээс ихээхэн шалтгаална. Иргэн бүр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг эзэмшсэн байх нь чухал юм #OnlyTogether #DDRday гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.