2010 онд автомашины дундаж хурд 35 км/цаг байсан бол 2020 онд 13 км/цаг болсон байна. Харин ид ачааллын үе буюу оргил цагтаа 8.9 км/цаг байдаг гэсэн судалгааг Зам, тээвэр хөгжлийн яамнаас гаргажээ.
Сонирхуулахад, явган хүний алхалтын хурд 3,5- 5 км/цаг байдаг.
2020 онд гарсан судалгаагаар нийслэлд бүртгэлтэй 615 мянган автомашин бий.
Энэ нь 2010 онтой харьцуулабал 3 дахин өссөн үзүүлэлт бөгөөд гол авто замын сүлжээний урт энэ хугацаанд дөнгөж 19%-аар нэмэгджээ.
Өөрөөр хэлбэл, замын багтаамжтай харьцуулахад 3 дахин их автомашин хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг юм.
Цаашид энэ байдлаараа үргэлжилбэл гурван жилийн дараа буюу 2024 онд нийслэлийн автомашины тоо 750 мянгад хүрэх төлөвтэй байна.
ӨНГӨРСӨН 10 ЖИЛД 11,8 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ТҮГЖРЭЛД УРСГАСАН
Монголчууд түгжрэлд ДНБ-үүнийхээ 8 хувийг алддаг. Энэ тоо 2024 онд 10 хувь болж нэмэгдэнэ гэжээ.
Өнгөрсөн 10 жилд 11,8 их наяд төгрөг буюу 4,1 сая долларыг замын түгжрэлд урсгасан байна. Гэхдээ үүнээс гадна бид юуг алддаг вэ. Үүнд дараах зүйлсийг дурдаж болох юм.
- Ажлын бүтээмж буурах
- Хүүхдийн боловсрол
- Эрүүл мэнд, стресс
Улаанбаатар хотын иргэдийн 85% нь түгжрэл дээд түвшиндээ хүрсэн, 68% нь түгжрэл нь амьдралд маш их сөрөг нөлөөтэй, стрессийн гол шалтгаан болсон гэж дүгнэжээ.
Улаанбаатар хотын түгжрэлийг дараах байдлаар ангилж болно. Үүнд,
Замын хөдөлгөөний эрчим 8, 12 дугаар сар буюу наадам, шинэ жилийн үеэр хамгийн их нэмэгддэг. Харин сурагчдын улирлын амралт болох 1,3,6,11 дүгээр сард тодорхой хэмжээгээр буурдаг буюу хамгийн дээд талдаа 28,3 хүртэл хувиар багасдаг байна.
Түүнчлэн их дээд сургуулийн оюутнуудын амралтын үеэр ч мөн буурдаг.
Иргэдийн 25-30 хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, авах зорилгоор замын хөдөлгөөнд оролцдог байна.
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ
Зам, тээвэр хөгжлийн яамнаас түгжрэлийг бууруулах дараах 4 арга замыг нэрлэжээ. Үүнд,
1. Нийтийн тээврийг хөгжүүлэх
Үр дүн: Нийтийн тээврийн зорчилтыг 33 хувь өсгөж, явган болон дугуйн зорчилт 3-5 дахин нэмэгдэж, түгжрэлийг 17-22 хувь бууруулна.
Шаардагдах хөрөнгө оруулалт: 324,0 тэрбум төгрөг
2. Гол замын сүлжээг нэмэгдүүлэх
Үр дүн: Авто замын сүлжээний даац 35% нэмэгдэж, хөдөлгөөний эрчим 30% өсөж, түгжрэлийг 30-40% бууруулна.
Шаардагдах хөрөнгө оруулалт: 666,8 тэрбум төгрөг
3. Хот төлөвлөлтийг сайжруулах
Үр дүн: Хувийн автомашинаар зорчих хөдөлгөөнийг 10-15% бууруулна
Шаардагдах хөрөнгө оруулалт: 582,9 тэрбум төгрөг
4. Автомашины хэрэглээг бууруулах
Үр дүн: Автомашины хэрэглээг 28% бууруулна
Шаардагдах хөрөнгө оруулалт: 320 сая төгрөг