/2021.09.29/: “Усны эх үүсвэрүүдийн боломжуудыг үнэлэх нь” дугуй ширээний уулзалт Гадаад харилцааны яаманд боллоо
Эрчим хүчний яамны хүсэлтийн дагуу Британийн Олон Улсын Худалдааны Яамны санхүүжилтээр ИБУИХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Англи Улсын Hydroplan компанитай хамтран Монгол Улсын эрчим хүчний системд горим тохируулгад ажиллах боломжит усны эх үүсвэрүүдийн талаарх судалгааг хийсэн бөгөөд энэхүү судалгааны үр дүнг дугуй ширээний уулзалтаар танилцуулан, санал солилцлоо.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол Улсын Эрчим хүчний системийн горим тохируулгад ажиллах боломжит усны эх үүсвэрүүдийн талаар үнэлгээ хийж, цаашид санхүүжүүлэх боломж бололцоо, хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхой болгоход чиглэгдсэн болно.
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай дугуй ширээний уулзалтыг нээж, хэлсэн үгэндээ “Монгол Улсад байгуулах боломжтой бага, дунд чадлын усан цахилгаан станцын талаар судалгааг танилцуулж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Hydroplan компанийн хамт олонд талархал илэрхийлье. Монгол Улс Парисын хэлэлцээрт хүлээсэн үүргээ ухамсарлаж сэргээгдэх эрчим хүчийг зохистой хэмжээнд хөгжүүлэхэд анхаарч цэнэгт хуримтлуур байршуулах, дамжуулах түгээх сүлжээний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, системийн маневарлах чадварыг сайжруулах чиглэлээр бага-дунд чадлын усан цахилгаан станц, усан цэнэгт станц, цэнэг хуримтлуурын төслүүдийг түлхүү дэмжиж ажиллахаар төлөвлөж байна" гэлээ.
Эх сурвалж: ЭХЯ