/2021.09.29/: 2021-2022 оны хичээлийн жилийн эхний нэг сар өндөрлөж байна. Энэ хугацаанд цэцэрлэг, сургуулийн орчинд коронавирусийн халдвар ямар түвшинд байгаа болон халдвар илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авч буй талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул:
Цахим хэлбэрт шилжсэн сургууль:
-Нийслэлийн Боловсролын газраас долоо хоног тутамд хоёр удаа сургууль, цэцэрлэгүүдээс судалгаа авч нэгтгэн, нэгдсэн дүгнэлт гаргаж байна. Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 106 сургуулийн бага ангийн 64 бүлэг, дунд ахлах ангийн 52 бүлгийн сурагчид зайны сургалтад шилжин суралцаж байгаа. Харин хоёр сургууль бүхэлдээ цахим хэлбэрт шилжсэн бол нэг сургуулийн нэг хичээлийн байрыг түр хааж, зайны сургалтад шилжүүлээд байна. Налайх дүүргийн Чандмань-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн зургадугаар сургуулиуд сургуулиараа зайны сургалтад шилжсэн байдалтай байна.
Цэцэрлэг:
-Өчигдрийн мэдээнээс харахад нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг зайны сургалтад шилжсэн байна. Нийслэлийн хэмжээнд ахлах 36 бүлэг, бэлтгэл 35 бүлгийн хүүхдүүд зайны сургалтад хамрагдаж байна.
Зайны сургалтад шилжих тохиолдол:
-Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалд ямар тохиолдолд анги бүлгээр нь, ямар тохиолдолд давхар, хичээлийн байраар нь, ямар тохиолдолд сургуулиар нь зайны сургалтад шилжүүлэх талаар нарийн зааж өгсөн. Тэр дагуу танхимын сургалтыг түр зогсоож цахим сургалтад шилжүүлж буй. Цэцэрлэгийн хүүхдүүдээс нэг нь л халдвар авсан бол шууд зайны сургалтад шилжүүлнэ. Сурагчдын хувьд 12-оос доош насныхан вакцинд хамрагдаагүй. Тиймээс нэг анги, бүлгээс нэг хүүхдээс халдвар илэрвэл зайны сургалтад шилжүүлж байгаа. Харин 12 болон түүнээс насныхны хувьд нэг ангиас гурван хүүхдээс халдвар илэрвэл зайны сургалтад шилжүүлнэ. Хичээлийн байрын тухайд хоорондоо хамааралтгүй гурван бүлгээс халдвар илэрвэл зайны сургалтад шилжүүлэх журамтай. Ерөнхий боловсролын сургуулийн 177 багш, 53 ажилчин, 539 хүүхэд, цэцэрлэгийн 85 багш, 112 ажилчин, 87 хүүхэд ковид туссан байна.
Цаашид баримтлах бодлого:
-Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийт халдварт өртсөн хүмүүсийн 19 хувь нь хүүхдүүд байсан. Хичээл сургууль эхэлсэн ч энэ хувь өсөөгүй. Нөгөөтээгүүр халдвар авч өвчилж буй хүүхдүүдийн хувьд сургуулийн орчноос илүүтэй ахуйн хүрээнд халдвар авч байна. Мөн зайны сургалтад шилжиж буй анги бүлгийн тоо ч буурах магадлалтай. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам болоод Нийслэлийн Боловсролын газраас танхимын сургалтыг илүү зохион байгуулах бодлого баримталж байна. Эцэг эхчүүдийн тухайд ч хүүхдийн хичээлийн хоцрогдлоос шалтгаалан танхимын сургалтыг дэмжиж байгаа.
Эх сурвалж: НЗДТГ